Эрүүл мэнд

Хэдийгээр Монгол Улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй ч улирлын томуу, томуу төст өвчин их байгааг ЭМЯ-наас анхааруулж байна. Хилээр орж ирсэн, мөн аймаг орон нутагт нас барсан тохиолдлуудын шинжилгээ эхнээсээ гарсан. Одоогоор 14 шинжилгээний хариу гарч, шинэ коронавирус биш болох нь баталгаажжээ. Мөн энэ сарын 27-нд Хэнтий аймагт нас барсан хүүхдийн шинжилгээгээр А хүрээний Н3, N2 вирус илэрчээ.

Сүүлийн хоёр өдөрт Хонконг, Бээжин, Ухань гээд шинэ коронавирусын голомтоос МУ-ын хилээр орж ирсэн, халуурсан өгүүлэмжтэй иргэдийг галт тэрэг болон нисэх онгоцны буудлаас шууд ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авсан. Шинжилгээний хариу эхнээсээ гарчээ. Одоогоор хариу нь гарсан 14 шинжилгээнээс шинэ коронавирус илрээгүй болохыг албаны хүн хэллээ. Хонконг, Бээжингээс ирсэн иргэд, мөн Ухань хотыг зорьсон Дэрэн клубын хүүхдүүдээс авсан шинжилгээнүүдээр коронавирус үгүйсгэгджээ. Мөн Хэнтий аймагт нас барсан охины шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй болох нь тогтоогджээ.

МАНАЙ УЛСАД УЛИРЛЫН ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ ИХ БАЙНА

Хэдийгээр Монгол улсад шинэ коронавирус орж ирээгүй ч Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг тогтмол хэрэгжүүлж, улирлын чанартай томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна. Улаанбаатар хотын амбулаторийн нийт үзлэгт амьсгалын замын өвчлөл 14.2 хувийг эзэлж байгаа нь их тоо гэдгийг албаны хүн хэлж байна.

Иймд иргэд, олон нийт халуурч, ханиалгах шинж тэмдэг илэрвэл дур мэдэж эм уух, цаг алдаж өвчнөө хүндрүүлэлгүй яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэйг хэлж байна. Гараа ариутгаж, амны хаалт тогтмол зүүж, шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.