Дүрвэгсдийн асуудлаас үүдэн Беларусь Улсын эсрэг хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ

Улс төр

ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар Брюссель хотноо хийсэн уулзалтынхаа үеэр гадны цагаач дүрвэгсдийн асуудлаас шалтгаалан Беларусь улсын эсрэг шинээр хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

ЕХ-ны Гадаад бодлогын асуудал хариуцсан дээд комиссар Жозеп Боррелийн мэдэгдсэнээр Беларусийн эрх баригчдын эсрэг авч байгаа ээлжит хориг арга хэмжээнд нэр бүхий албан тушаалтан, байгууллага, компанийн нэрсийг багтааж байгаа юм. 

ЕХ-ны зүгээс Беларусийн эсрэг авч байгаа хориг арга хэмжээ нь энэ улсын эсрэг тавьж байгаа 5 дахь хориг арга хэмжээ болжээ. ЕХ болон Беларусийн талууд гадны цагаач дүрвэгсдийн асуудлаас шалтгаалан талцан хуваагдаж, Брюссель Минскийн талын баримталж байгаа дүрвэгсдийн бодлогыг эсэргүүцэн, энэ улсын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

ЕХ, Беларусийн эсрэг шинээр хориг тогтоож, энэ улсын нэр бүхий 30 хүн, хуулийн этгээдийг хар жагсаалтад багтаахаар төлөвлөж байгаа юм.

Польш-Беларусийн хилийн бүсэд дүрвэгсэдтэй холбоотой нөхцөл байдал хурцдахтай зэрэгцээд Минск, Варшав болон Брюсселийн харилцаа холбоо ч хурцаджээ.

ЕХ-ноос тавихаар төлөвлөж байгаа хоригт Беларусийн гадаад хэргийн яамны сайдаас авхуулаад энэ улсын төрийн өмчит “Белавия” агаарын тээврийн компанийн нэр багтаж, энэ компанитай байгуулсан онгоцны түрээсийн гэрээгээ цуцлахаар сүрдүүлж байна.

Брюсселийн эрх баригчид хоригт нэр нь багтсан хувь хүн, байгууллага, хуулийн этгээдийг ЕХ-ны зүүн хил орчимд гадны цагаач дүрвэгсдийн бөөгнөрөл үүсч, хүмүүнлэгийн хямрал нүүрлэх аюул заналхийлэл үүссэнд буруутай гэж үзэж байна.

Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель энэ талаар мэдэгдэн, Европын улс орнуудад цагаач дүрвэгсэдтэй холбоотой хямрал үүсэхэд Беларусийн талын байр суурь, үйлдэл нөлөөлсөнд буруутгажээ.