Эрүүл мэнд

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. 200 гаруй халдварт өвчний суурь болдог шүд цоорлоос сэргийлж, өнөөдрийн байдлаар нийт 92 мянга гаруй хүүхэд энэ хөтөлбөрт хамрагджээ. "Эрүүл шүд, Эрүүл хүүхэд" аян амжилттай хэрэгжиж байгааг салбарын сайд онцолж байна. Хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотод анх удаа Нийслэлийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн боллоо.

2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил улс орон даяар хэрэгжиж байгаа юм.  Энэ жил 2-6 насны хүүхдүүдийг Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрт хамруулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 92,200 орчим хүүхэд хамрагджээ. Хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулжээ. Амны хөндийн эрүүл мэнд сургалтын гарын авлага болосвруулсан. Мөн ЕБС, цэцэрлэгийн багш, сургуулийн эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 600 гаруй хүнийг сургагч багшаар бэлтгэжээ.

Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын улсын аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 25 сургуулийн 25 баг оролцож байна. Нийт 9-10 насны 200 хүүхэд амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ сорьж, шүд угаар аргачлалаар өрсөлдөж байна.

Сүүлийн жилүүдэд хүүхэд, ялангуяа 2-12 насныхны дунд шүд, амны хөндийн өвчлөл ихэссэн байна. 2016 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 3-5 насны хүүхдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92,9 хувьтай гарчээ. Хүүхдийн шүдний цоорол нь 200 гаруй халдварт өьчний суурь болдог байна.