Ашраф Гани Арабын Нэгдсэн Эмират Улсад гэр бүлийн хамт очжээ

Улс төр

Афганистан улс талибаны зэвсэгт бүлэглэлд эзлэгдсэний дараагаар эх орноосоо дүрвэн зугтсан ерөнхийлөгч Ашраф Гани Арабын Нэгдсэн Эмират улс руу дүрвэжээ. Ням гарагт талибаны зэвсэгт дайчид нийслэл Кабул хот руу цөмрөн орж, хотод хяналтаа тогтоохтой зэрэгцэн Ашраф Гани болон Афганистаны засгийн газрын хоёр ч дээд албан тушаалтан эх орноо орхин дүрвэн зугтсан юм.

Ашраф Ганиг талибаны бүлэглэл нийслэл хотыг эзлэх нь тодорхой болсны дараа нисдэг тэргэнд суун эх орноо орхин гарсан талаар мэдээлсэн юм. Ингэхдээ Ашраф Ганиг хөрш зэргэлдээх Тажикистаны улсын нийслэл Душанбег зорин ниссэн гэх мэдээлэл гарч, зугтагч-ерөнхийлөгч хаачсан нь хэд хоногийн туршид тодорхойгүй байсан бол тэрээр Арабын Нэгдсэн Эмиратад түр орогнож байгаа нь ил болжээ. Ашраф Ганитай хамт түүний засаг захиргаанд ажиллаж байсан хоёр дээд албан тушаалтан, тэр дундаа Батлан хамгаалахын сайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөх нь мөн эх орноо орхин гарсан юм.

Сураг нь тасраад байсан Ашраф Гани өөрийн фейсбүүк хуудсандаа сүүлд бичлэг байрлуулж, тэрээр удахгүй эх орондоо эргэн ирэх болно гэдгээ мэдэгджээ. Тэрээр мэдэгдэлдээ: -Хүнд хэцүү, тодорхойгүй цаг хугацааны дараа надад та бүгдэд хандан үгээ хэлэх боломж гарлаа... Би цаашид нуугдаж, эх орноосоо дүрвэн амьдрахыг хүсэхгүй байна. Яг одоо би Арабын Нэгдсэн Эмиратад байна, миний зорилго бол улс орондоо дэгдээд байгаа үймээн самуун, цус асгаруулсан явдлыг таслан зогсоох явдал. Тиймээс би Афганистан руу эргэн очихоор яриа хэлэлцээ явуулж байна гэжээ. Гани улс орондоо улс төрийн шинэ тогтолцооны талаар талибаны бүлэглэл болоод улс төрийн бүлэглэлүүд хоорондоо идэвхтэй зөвлөлдөж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.