Credit: https://maroc-diplomatique.net

Эрүүл мэнд

Дэлхий нийт электрон тамхинаас татгалзаж эхлээд байна. Уушги өвчлүүлдэгээс эхлээд хавдар үүсгэх аюултайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж эхэлжээ. Электрон тамхины хувьд манай улсад зохицуулсан хууль дүрэм байхгүй. Улсын хилээр цахилгаан барааны төрөлд багтан хэдэн арван янзаараа орж ирдэг байна.

ЭЛЕКТРОН ТАМХИ ХҮНИЙ БИЕД ИЛҮҮ ИХ ХОРТОЙ УЧИР ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ЭЛЕКТРОН ТАМХИНААС ТАТГАЛЗАЖ ЭХЭЛЖЭЭ

Янжуур тамхинд агуулагдах бүхий л төрлийн хорт бодисууд электрон тамхинд агуулагддаг. Мөн хэрэглээ нь уур хэлбэртэй учир уушигны гүнд хүрч, илүү их хордуулдаг байна. Үүнээс үүдэж хорт хавдар, уушигны өвчлөл үүсгэх шалтгаан болдог.

Тамхинд донтуулах үйлчилгээтэй никотин ч электрон тамхинд агуулагддаг. Мөн шингэн хэлбэртэй учир зарим тохиолдолд санамсаргүй байдлаар ууж хордох тохиолдол их гардаг байна.  Энэ мэтчилэн хор хөнөөл нь илүү их учир дэлхийн улс орнууд хилээр нэвтрүүлхийг хориглож эхэлжээ. Харин манай улсад хууль эрх зүйн орчин дутмаг учир цахилгаан бараа гэсэн нэр дор шууд нэвтэрсээр байна.

Электрон тамхи нь төрөл бүрийн хэлбэр, өнгөтэй байдаг учир залуучуудын сонирхлыг татаж улмаар хэрэглэх байдал нэмэгдэж байна. Тиймээс хилээр нэвтрүүлэхийг яаралтай хориглох, тодорхой хуулийн заалттай болох хэрэгтэй гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа. Энэ ч үүднээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас электрон тамхитай холбоотой хуулийн заалтыг шинээр боловсруулах талаар саналаа хүргүүлсэн байна.