Эрүүл мэнд

Дэлхий нийтэд жилд дунджаар 10 сая хүн хорт хавдрын улмаас нас бардаг гэх судалгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Харин манай улсад хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судасны өвчлөл байгаа бол хоёр дахь шалтгааныг хорт хавдар эзэлж байна. Хамгийн гол нь хорт хавдраар нас барж байгаа иргэдийн 70-80 хувь нь эрт илрүүлэг оношилгоонд хамрагдаагүйн улмаас эмчилгээ авах боломжгүй болсон хойноо мэддэг гэнэ.

Тиймээс 21 аймаг 9 дүүрэгт хорт хавдрын эрт илрүүлэг оношилгооны төв байгуулахаар төлөвлөн холбогдох хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ- аар хэлэлцэж байна. Хууль батлагдсанаар 40-өөс дээш насны иргэдийг долоон төрлийн илрүүлэг оношилгоонд хамруулж улсын төсвөөс хөрөнгийг гаргах юм.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд батлагдсанаар хорт хавдрыг эрт илрүүлэх оношилгооны төвийг аймаг бүрт байгуулна. Хавдрын чиглэлд төрөөс эрчимтэй анхаарч байгаагийн үндсэн дээр энэ жил Дорнод аймгийг компьютер томографаар хангасан байна.  Гэвч одоогоор Булган, Орхон, Архангай зэрэг зургаан аймаг оношилгооны томографгүй байгаа гэдгийг хэллээ. Тиймээс нийт хорт хавдрын оноштой хүмүүсийн дийлэнх нь хожуу үедээ оношлуулсан байдаг тул холбогдох хуульд өөрчлөлт оруулан эрт илрүүлэг оношилгоог хийснээр хавдрын улмаас нас барж байгаа иргэдийн тоог 60 орчим хувиар бууруулах юм байна. Эхний ээлжид хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Үүний дараа улсын төсвөөс санхүүжилтийг баталснаар урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдийг хамруулна.  Ийнхүү гишүүд асуулт асууж хариулт авсны дараа эрүүл мэндийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.