Эдийн засаг

Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага 2017 онд манай улсыг саарал жагсаалтад орох тун эрсдэлтэй орноор нэрлэж байсан.  Тухайн цаг үед Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад албаныхан тус байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрхэн биелүүлж байгаагаа тайлагнаснаар саарал жагсаалтад орох хугацааг хойшлуулж чадсан юм. Гэвч ирэх сард уг асуудлыг хэлэлцэх хурал дахин болох гэж байна.  Хэрвээ Монгол улс саарал жагсаалтад орвол санхүүгийн системд ноцтой эрсдэл учирч банкны гадаад гүйлгээг зогсоох зэрэг олон асуудал үүсэх магадлалтай.

Дэлхийн улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, үйл ажиллагааг хангаж ажиллах чиг үүрэгтэй ФАТФ гэж байгууллага бий. Тус байгууллагаас 2 бүлэг үзүүлэлтээр буюу техник хэрэгжилтийн 40 ангилал бүхий үзүүлэлт, үр дүнтэй байдлын 11 ангилал бүхий үзүүлэлт байдаг байна. Энэ үзүүлэлтийг хангаж чадаагүй улс орнууд саарал жагсаалтад ордог байна. Манай улс ФАТФ байгууллагын зөвлөгөө зөвлөмжийн дагуу саарал жагсаалтад орохгүйн тулд өнгөрсөн онд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Хуулинд тусгасан хамгийн том зохицуулалт нь ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл байгуулагдсан байдаг байна.

Камерагийн уулзалтын дараагаар манай улс 40-35 үзүүлэлт хангагдаж, харин Тайландад болсон уулзалтаар 11 үзүүлэлтээс долоо нь хангалттай гэсэн үнэлгээ авчээ. Ингээд үлдсэн үнэлгээг сайжруулахад холбогдох эрх бүхий шаардлага хангаагүй дөрвөн үзүүлэлтийг цаашид төлөвлөгөө гаргаж сайжруулах даалгавар авчээ.

Саарал жагсаалтад ороход ямар арга хэмжээ хэрэгжүүлж яаж гарах вэ гэдэг нь анхаарал хандуулах чухал асуудал гэдгийг албаныхан онцолж байна. ФАТФ ямар ч шийдвэр гаргасан байлаа гэхэд эрх бүхий байгууллагууд хамтарч сайжруулах ажлууд бий. Энэ ажил тасралтгүй хийгдэж байх ёстой гэдгийг Монголбанкны зүгээс тайлбарлалаа.