Архив...

Эдийн засаг

Манай улс энэ сарын 21-ний өдөр гэхэд ФАТФ-ын саарал жагсаалтаас гарна гэж тооцоолж байна. Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх нөхцөл бүрдсэн учраас гадны хөрөнгө оруулалтаас эхлээд бусад саад хоригийг олон улсын байгууллагаас Монголын эдийн засагт тавиад байсан юм. Тэгвэл ФАТФ-ын тавьсан шаардлага, хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг биелүүлж дууссан гэдгийг сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Монгол Улс олон улсын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцдэг ФАТФ байгууллагын эрсдэлт бүлэг буюу саарал жагсаалтад шилжээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Уг нь бол өнгөрсөн тавдугаар сард саарал жагсаалтаас гарах болзлыг хангасан ч тус байгууллага газар дээрх шалгалт хийснээр албан ёсоор баталгаажих учиртай. Цар тахлаас үүдэлтэй чамгүй хугацаанд хойшилсон дээрх ажил өнгөрсөн Баасан гарагт эцэслэгдлээ. ФАТФ байгууллагын төлөөллүүдтэй хийх эцсийн уулзалтаар манай улс өгсөн зөвлөмжийг амжилттай биелүүлсэн гэдгийг хэлсэн байна.
ФАТФ байгууллагаас БНХАУ-ын ардын банк буюу төв банк, АНУ-ын Сангийн яам, Евро Азийн санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөл ирж ажилласан. Тус байгууллагаас явуулсан хоёр өдрийн шалгалтад 22 төрийн байгууллага, 19 ААН-ийн 140 гаруй хүмүүс оролцож хийсэн ажлуудаа танилцуулжээ. Мөн Засгийн газрын тэргүүн төлөөллүүдтэй уулзаж Ковид-19 цар тахал дэлхий нийтээр тархсан өнөөгийн нөхцөлд гарч байгаа сөрөг талуудыг хэлсэн байна. Улмаар энэ сарын 21-23 ны өдрүүдэд албан ёсны хариу гарна гэлээ.
Манай улс саарал жагсаалтад орсноор олон улсад зээлжих зэрэглэл буурсан гэх мэдээлэл цацагдаж байгаа. Харин зээлжих зэрэглэл буурсан зүйлгүйг Сангийн сайд онцоллоо. Саарал жагсаалтад орсноор олон улсын гүйлгээ хяналтад орж тэр хэрээр гүйлгээний хураамж нэмэгдэх асуудал хүндрэл болж байсныг хэлсэн юм.