Эдийн засаг

Засгийн газар орон сууцны ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгохоор төлөвлөөд байгаа. Энэ ажлыг биелүүлэхээр Улсын Их Хурал, Засгийн газар, Монгол банкны хамтарсан ажлын хэсэг байгуулагджээ. 6 хувь болголоо гэхэд өмнө нь зээл авсан иргэдийг хэрхэн хамруулах, шинээр олгогдохоор болсон зээлийг хэрхэн шийдвэрлэх гээд олон асуудал үүсэж байгааг Төв банкны дэд ерөнхийлөгч хэлж байна. Гэхдээ богино хугацаанд эдгээр асуудлыг шийдвэрлэж дуусгахаар төлөвлөжээ.

УИХ-аар баталсан зээлийн хүүг бууруулах стратеги төлөвлөгөөний хүрээнд 2020-2021 онд арилжааны банкны зээлийн дундаж хүү нэг хувиар буурна гэдгийг Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч хэлж байна. Гэхдээ үүнд иргэдийн ипотекийн зээл хамаарахгүй тул тусдаа ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм. Нийгэмд хамгийн их эрэлттэй банкны салбарт ч эргэн төлөлт өндөртэй ипотекийн зээлийн хүүг ойрын хугацаанд 6 хувь болгон бууруулна гэдгийг хэллээ.
Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгон бууруулахтай зэрэгцэн найман хувиар зээл авсан иргэдийн хүүг шилжүүлэх эсэх асуудал өндөр хүлээлттэй байгаа. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээл хөтөлбөрийн хүрээнд 100 мянга гаруй иргэдэд 4.9 их наяд төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй олгосон байна. Харин найман хувийн хүүтэй зээлийг зургаан хувьд шилжүүлэхэд 360 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоог албаны хүмүүс гаргасан байна. Тиймээс найман хувийн хүүг зургаан хувьд шилжүүлэх эсэхийг ажлын хэсэг сайтар ярилцаж холбогдох журмын хүрээнд шийдвэрлэнэ гэлээ.
Төв банкны хувьд арилжааны банкуудаар дамжуулан ипотекийн зээл олголт хэвийн үргэлжилж байгаа гэлээ. Өнөөдрийн байдлаар 146.3 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгосон байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ