Эдийн засаг

Коронавируст халдварын улмаас банкны салбарт хэд хэдэн өөрчлөлт ажиглагдсан байна. Нэг талд хадгаламжийн хүү бууруулахаар ажиллаж байгаа бол нөгөө талд чанаргүй зээл өсчээ. Чанаргүй зээлийн дийлэнх хувийг арилжааны банкны гол зээлдэгчид болох уул уурхай болон тээврийн салбар эзэлжээ. Иргэдийн хувьд зээл гэхээсээ илүү мөнгөө хадгалахыг илүүд үзэж эхэлснийг банкны салбарын төлөөлөл онцоллоо. Ялангуяа валютын хадгаламж нэмэгдсэн байна.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хадгаламжаа долларт хөрвүүлэх явдал өнмөх үетэй харьцуулахад эхний хагас жилд 48 хувиар өссөн байна. Төв банкнаас валютын гүйлгээнээс хязгаарлаж, харилцах дансанд хүү тооцохыг хориглох шийдвэр гаргасан нь үр дүнгээ өгч байна хэмээн Монголын банкны холбооноос мэдэгдэж байна. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр иргэдийн хэрэглээний зээл буурсан ч чанаргүй зээлийн хэмжээ өссөн байна. Тухайлбал уул уурхайн салбарын 3 зээл тутмын нэг, тээврийн салбарын 5 зээл тутмын нэг нь чанаргүй байгааг мэргэжилтнүүд хэллээ.

Зээлийн хүү бууруулах стратегийн хүрээнд банкны салбарт хийгдэх олон ажил бий. Тухайлбал зээлийн хүүг бүрдүүлэгч эх үүсвэрийн зардал буюу гадны зээл, иргэд байгууллагын хадгаламжид өгч буй хүүгийн зардал 60 хувийг эзэлж байна. Банкуудын хувьд үйл ажиллагааны зардлаа бууруулах, дундын дэд бүтэц бий болгох замаар давхардаж буй зардлаа танах ажлыг эхлүүлжээ.

Оны эхний хагас жилийн байдлаар иргэдийн орлого буурсантай холбоотой хадгаламж барьцаалсан зээл олголт гурван хувиар өссөн байна. Хадгаламжийн хүү түүхэн доод хэмжээ буюу 11 хувьд хүрээд байна. Харин иргэдийн хэрэглээний зээл 17 хувиар буурсан үзүүлэлтийг судалгаа харуулж байна. Хугацаа хэтэрсэн зээл нэг их наяд төгрөгт хүрчээ. Үүнд иргэдийн хугацаа хэтэрсэн зээл жилийн 21 хувь, бизнесийнх 41 хувиар өсөөд байна.