Эдийн засаг

Албан татвар төлөгчдийн тухайд улирлын сүүлийн өдрийн 24 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны өдрийн дотор цахим системд бүртгүүлсэн байх журамтай. Улмаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ажлын 7 өдөрт багтаан хянадаг байна. Ингэснээр буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж гаргадаг гэдгийг хэллээ.

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нэгдсэн системд бүртгэгдсэн мэдээллийг ажлын 7 өдөрт багтаан хянаад албан татвар буцаан олгох саналыг хоёр өдөрт багтаан санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад илгээдэг байна. Илгээсэн саналыг хүлээн авсан санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын 45 өдөрт багтаан албан татварын буцаан олголтыг олгох зохицуулалттай юм.

НӨАТ-ын буцаан олголтыг иргэн, аж ахуй нэгж байгууллагууд жилд нэг удаа авдаг байсан бол энэ оны эхнээс улирал тутамд олгож байгаа. Тэгвэл хоёрдугаар улирлын буцаан олголтод хамрагдах иргэд бүртгүүлж амжаагүй баримтаа энэ сарын 8-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлснээр буцаан олголтоо авахыг татварын байгууллагаас мэдээллээ. НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүйг санууллаа.