Эдийн засаг

Энэ мэтчилэн арилжааны банкууд иргэдийг хүндрүүлж, төр засгийн шийдвэрт хойрго хандаж байгаа нь банкууд монополь  тогтоосныг харуулж байгаа юм. Тиймээс банкны салбарт цогц шинэчлэл хийх УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нэн тэргүүнд банкуудыг хувьцаат компани хэлбэрээр ажиллуулах шаардлагатай гэж мэдэгдлээ. Учир нь нэгээс хоёр хүний эзэмшилд байдаг арилжааны банкуудад Монголын эдийн засгийг хариуцуулж байгаа нь өнөөдрийн нөхцөлд хүргэсэн гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр онцоллоо.

 

Өнгөрсөн 3-р сарын 18-нд иргэдийн хэрэглээний зээлийг 3 сараар хойшлуулж, үндсэн төлбөрт хүү тооцохгүй байх шийдвэр гарсан. Гэвч уг шийдвэр гараад сар орчмын хугацаа өнгөрөхөд арилжааны банкууд шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хойрго хандаж иргэдийг хүндрүүлсээр байна. Үүнээс гадна ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах шийдвэрт арилжааны банкууд мөн л хүндрэл үүсгэж байгаа гомдол холбогдох байнгын хороонд ирсээр байна. Жишээлбэл: Хаан банк ипотекийн зээлээ төлөх боломжгүй болж хойшлуулах хүсэлт гаргасан иргэний хамтран зээлдэгч буюу ээжийнх нь тэтгэврээс хэлэлгүй зээлийн төлбөрт алданги тооцон суутгажээ. Эдийн засаг хүндэрч иргэдийн амьдрал доройтож эхлэсэн энэ цагт арилжааны банкууд хүнлэг байх хэрэгтэйг хэлж байна.

ХААН БАНК ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ ХОЙШЛУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬСАН ИРГЭНИЙ ЭЭЖИЙНХ НЬ ТЭТГЭВРЭЭС СУУТГАН АВЧЭЭ

 

Арилжааны банкуудын хүнд суртал үүгээр дуусахгүй. Манай улсад монополь байдал тогтооосон энэ тогтолцоог цогцоор нь шинэчлэх хэрэгтэй гэж эрх баригчид үзсэн. Улмаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг гарч банкны салбарт хийх шинэчлэлийн төслийг боловсруулж байна. Нэн тэргүүнд хувийн хамаарлаас гаргаж хувьцаат компани хэлбэрээр ажиллуулах нь зүйтэйг онцоллоо.

 

Төв банк бодлогын хүүгээ хоёр ч пунктээр буулгаад байгаа нь арилжааны банкуудад үзүүлж байгаа томоохон хөнгөлөлт юм. Үүнээс гадна банкуудад заавал байх бэлэн мөнгөний нөөцийг нэг пунктээр буулгаснаар 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр бүрдсэн. Төр засгаас банкуудыг дэмжих бодлого баримтлан ажиллаж байгаа энэ цагт арилжааны банкууд хүнлэг байж ашиг биш ард иргэдээ бодох хэрэгтэйг гишүүд онцоллоо.