Эдийн засаг

Ерөнхий сайд банкны салбарт реформ хийх цаг нь болсон байгааг мэдэгдсэн. Тэгвэл энэ ажил эхэлсэн бололтой. Өнөөдөр эрх баригч Монгол Ардын намын бүлэг арилжааны банкны шинэчлэлийн асуудлаар хуралдсан гэдгийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэллээ. Эхний ээлжинд хадгаламжийн хүүг бууруулах, нэг хүний эзэмшилд банкны 20-иос илүү хувь байхыг хориглох зэрэг асуудлыг хөнджээ.

Засгийн газраас гаргасан удаа дараагийн шийдвэрүүдэд арилжааны банкууд дээр хэрэгжихдээ удааширч байгаа нь банкны салбарын монополь байдал дээд цэгтээ хүрснийг харуулж байгаа. Улмаар засгийн газрын тэргүүн банкны салбарт шинэчлэл хийж, банкуудын эрүүл мэндийн байдалд таагүй арга хэмжээ авч магадгүй гэдгээ сануулсан. Тэгвэл олонхийн бүлгийн өнөөдрийн хуралдаанаар банкны салбарын шинэчлэлийг олон талаас нь ярьж, гадны банк оруулах, олон нийтийн хяналтыг хангасан банк байгуулах асуудлыг ч хөнжээ. Улмаар банкны салбарыг шинэчлэх төсөл боловсруулахаар болсон байна. Ингэхдээ банкуудын хүүг бууруулахад онцгой анаарахаар болжээ.

Дийлэнх арилжааны банкуудын 50-60 хувийг нэг хүн эзэмшдэг. Тэгвэл банкны салбарыг шинэчлэх цогц өөрчлөлтөөр 20-иос дээш хувийг нэг хүн эзэмшихгүй байх зохицуулалт хийхээр төлвөлжээ. Ажлын хэсгийн түвшинд уг асуудлыг ярьж тогтоолын төсөлд тусгахаар судалж байгааг хэллээ. УИХ-аас тогтоол гарган засгийн газарт хүргүүлж хэрэгжилтэд нь засгийн газар анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Ковид-19 халдвараас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл ойрын 1-2 жилийн хугацаанд хүчтэй мэдрэгдэх тул эдийн засгаа тогтвортой байлгах нь чухал байгаа. Тиймээс Засгийн газар олон шийдвэрүүд гаргаж байгаа ч арилжааны банкууд дээр хэрэгжилт нь удааширсаар байгаа юм. Банкуудын хүнд суртал удаа дараагийх тул тус салбарт цогц шинэчлэл хийх нь зүйтэй гэж олонхийн бүлэг үзжээ.