ХАБГБ-ын улс орнууд Казахстан руу энхийг сахиулах хүчин илгээх шийдвэр гаргажээ

Үйл явдал

Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев улс орондоо дэгдсэн дотоодын үймээн самууныг гадны хүчний захиалгаар, тусгайлан бэлтгэгдсэн хүмүүсийн зохион байгуулсан террорист үйл ажиллагаа гэж үзсэн юм.

Тиймээс гадны террорист бүлэглэлүүдийн захиалгаар хийгдсэн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох зорилгоор Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад хандан тусламж хүссэн юм.

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага Казахстаны эрх баригчдаас тавьсан дэмжлэг үзүүлэх хүсэлтийг хүлээн авч, Төв Азийн энэ улс руу 3,600 хүний бүрэлдэхүүнтэй энхийг сахиулах хүчин эхний ээлжинд илгээх шийдвэр гаргажээ.

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад Армян, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ болон Тажикистан улсууд нэгддэг юм. Энэхүү байгууллагыг 2022 оноос эхлэн Армян улс тэргүүлж байгаа учраас Казахстан улс руу энхийг сахиулагчдаа илгээх шийдвэрийг Армяны ерөнхий сайд Никол Пашинян гаргажээ.

Одоогоор Казахстан улс руу Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад нэгдэгч улс орнуудаас чухам аль улсын цэргийн хүчнийг илгээх нь тодорхойгүй байгаа юм.

“Хийн жагсаал”-аас үүдэлтэй дотоодын эмх замбараагүй байдлаа эв зүйгээр шийдвэрлэх, хямралыг газар авхуулахгүйн тулд Казахстаны ерөнхийлөгч Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад нэгдэгч улс орнуудад хандан тусламж хүсчээ.

Энэхүү байгууллага нь гэрээнд нэгдэгч улс орнуудад халдлага хүчирхийлэл, эмх замбараагүй байдал дэгдсэн тохиолдолд шаардлагатай дэмжлэг туслалцаа, тэр дундаа цэргийн дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээдэг юм.