БНСУ-ын экс ерөнхийлөгч Пак Гын Хе-д өршөөл үзүүлнэ

Улс төр

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэд удахгүй болох шинэ жилийн баярын өмнө өршөөл үзүүлэн суллахаар болжээ. Өмнөд Солонгосын эрх баригчид авлига, төрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 22 жилийн хорих ял эдэлж байгаа экс ерөнхийлөгчийн нэрийг шинэ жилийн баярын өмнө өршөөл үзүүлэх хүмүүсийн жагсаалтад багтаасан байна. Энэ жил 69 настай Пак Гын Хе-д түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан, мөн хүмүүнлэгийн үүднээс өршөөлд хамруулахаар шийдвэрлэжээ.

Пак Гын Хе улсынхаа төрийн тэргүүнээр 2012 оны 12-р сарын 19-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд “Сэнури” намаас нэр дэвшин өрсөлдөж, улс орноо тэргүүлж байсан юм. Пак Гын Хе Өмнөд Солонгосын удирдагч агсан, нэр хүндтэй улс төрч, шинэчлэгч, цэргийн генерал Пак Жон Хи-гийн охин юм.

Иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээн төрийн эрхэнд гарч чадсан хүчирхэг эмэгтэй улс төрч 2017 онд төрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авилга хээл хахууль, улс төрийн таагүй хэл аманд өртөн, улмаар төрийн эрхээс шүүхийн шийдвэрээр хугацаанаасаа өмнө буусан юм.

БНСУ-ын үндсэн хуулийн цэцийн шүүх 2017 оны 3-р сард улсынхаа төрийн тэргүүн Пак Гын Хе-д цаашид итгэл үзүүлэхээс түтгэлзсэнээр тэрээр улсынхаа түүхэн дэх анхны ардчилсан замаар сонгогдсон эмэгтэй төрийн тэргүүн төдийгүй мөн бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө төрийн эрхээс буусан анхны улс төрч болсон юм.

Улмаар Пак Гын Хе-д холбогдох хэргийн дагуу шүүхээс түүнд 22 жилийн хорих ял оногдуулж, 2017 оны 3-р сарын 31-нээс хойш өнөөдрийг хүртэл тэрээр нийтдээ 4 жил 8 сарын хугацаанд хоригдож байна. Пак Гын Хэ 2019 онд мөрний мэс засалд орж, улмаар мөр болон нурууны архаг өвчний улмаас 3 удаа эмнэлэгт хэвтсэн юм. Сүүлийн саруудад түүний эрүүл мэндийн байдал эрс муудаж, мөрний үений үрэвсэл, нурууны өвчнөөр шаналж байгаа юм.