Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэртүүдийг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар боллоо. 2006 оны энэхүү дэвсгэрт нь хамгаалалтын элемент хангалтгүй байдагаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэх гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгддэг байна. Иргэн, аж ахуйн нэгжүүд хуучин дэвсгэртээ арилжааны банкуудаар дамжуулан солиулах боломжтой юм.

2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож байгаа юм. Иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр чөлөөтэй солиулах боломжтойг албаныхан хэлж байна.

Иргэдэд анхааруулахад 2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэрт нь  ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байх юм.

2006 онд үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгт ашиглаж байгаа иргэд хоёр жилийн хугацаанд мөнгөө солиулах боломжтой юм.

Монголбанкнаас 50 төгрөг, 20 мянгатын дэвсгэртийг хоёр жилийн өмнө шинэчлэн хамгаалалтын системийг сайжруулан гүйлгээнд гаргаж эхэлсэн юм. 

Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой байх нь. 3 хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон 3 хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг багтаасан байна.  Шинэ 20,000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулснаараа онцлог юм байна.