Эдийн засаг

Энэ онд ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгасан байдаг. Харин ирэх оны улсын төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд нийт 60 тэрбум төгрөг тусгажээ. Энэ нь өмнөх оноос хоёр дахин буурсан дүн тул ипотекийн зээлийн санхүүжилтэд ирээдүйн өв сангийн хөрөнгө татаж эргэн төлөх асуудлыг зарим гишүүд хөндөж байна. Гэвч энэ нь үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно гэдгийг Сангийн сайд хэлж байгаа юм

2018 онд 4683 иргэнд 310 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байдаг. Үүнээс Монголбанкны эргэн төлөлтөөс 191.3 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргасан бол улсын төсвөөс 118.4 тэрбумын санхүүжилт хийжээ. Харин энэ онд 120 тэрбум төгрөг төсөвлөснөөс сүүлийн гурван сарын хугацаанд 609 иргэнд 37.9 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Харин ирэх онд улсын төсвөөс ипотекийн зээлийн санхүүжилтийг 60 тэрбум болгосон нь хангалтгүй тул бусад сангаас нэмэлт санхүүжилт татах боломжийг судлаж байна гэлээ.

Байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээж ирээдүй хойчдоо хөрөнгө өвлүүлэх зорилгоор засгийн газар Ирээдүйн өв сангийн хуримтлалыг нэмэгдүүлж байхаар шийдвэрлэсэн. Ирэх он гэхэд тус санд 977 тэрбум төгрөгийн хуримтлал төвлөрөх тооцоог гаргаад байгаа юм. Харин ирээдүйн өв сангаас ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломжгүйг сангийн сайд хэллээ.

Үүнээс гадна ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж байгаа гэдгийг тэрээр хэллээ. Манай улсад олгогдож байгаа жилийн найман хувийн хүү бусад улстай харьцуулахад өндөр тул хүүг бууруулах чиглэлд тооцоо судалгаатай ажиллах хэрэгтэйг онцолсон юм.