Эдийн засаг

Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигддэг инфляцийг ирэх онд 8 хувийн орчимд тогтворжуулж, дунд хугацаанд 6 хувь орчимд бууруулах зорилтыг хангасан мөнгөний бодлого хэрэгжүүлэхээ Төв банк мэдэгдээд байгаа. Үүнээс гадна ирэх онд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа онцоллоо. Иргэдийн орлого өссөн ч зарлага их байгаа нь хэрэглээний зээлтэй холбоотойг хэлж байна. УИХ мөнгөний бодлого хэлэлцэж эхэллээ. 

Эдийн засгийн сэргэлтийг мөнгөний бодлогоор дэмжих үүднээс төв банк бодлогын хүүгээ 2017, 2018 онуудад шат дараатай бууруулах арга хэмжээ авсныг хэлж байна. Ингэснээр сүүлийн хоёр жилд иргэн аж ахуй нэгжүүдийн бодит орлого өсч татварын орлого нэмэгдсэн гэж Төв банкны ерөнхийлөгч онцоллоо. Тухайлбал өрхийн дундаж орлого өмнөх жилийнхээс 17 хувиар нэмэгдсэн гэлээ. Гэхдээ иргэдийн орлогоос зарлага нь давж байгаа тул хэрэглээний зээлийг хязгаарлаж иргэдийн бодит орлого нэмэгдэх боломжийг бүрдүүлэхээр ажиллана гэлээ.

Мөнгөний нийлүүлэлтийг удирдах замаар улсын эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангах нь төв банкны мөнгөний бодлогын зорилго юм. Гэвч саарал жагсаалтад багтсантай холбоотой валютын гүйлгээ хөрөнгө оруулалт саатах зэрэг эдийн засгийн эрсдэл үүсэхийг зарим эх сурвалжууд хэлж байгаа. Харин төв банкны ерөнхийлөгч саарал жагсаалтад орсонтой холбоотой ямар нэг хоригт орохгүй гэсэн юм.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын гадаад валютын нөөц 2016 оныхтой харьцуулахад 4 дахин нэмэгдэж 4 тэрбум ам долларт хүрээд байгаа. Гэсэн хэдий ч үндэсний аюулгүй байлын үзэл баримтлалд заагдсан хэмжээнээс 27.5 хувиар бага байгаа тул төв банк валютын нөөцийг нэмэгдүүлэхэд цаашид анхаарна гэлээ. Мөн арилжааны банкуудын хүүг бууруулах чиглэлд шат дараатай ажлуудыг хийнэ гэдэгээ хэлсэн юм.