Эдийн засаг

Удахгүй 2020 оны улсын нэгдсэн төсвийг Их хурал батална. Мөн ирэх жил сонгууль тохиож байгаа нь эдийн засгийн тэлэлт үүсэх магадлалтай. Ийм хариуцлагатай цаг үед Монгол улс саарал жагсаалт руу унаад байна. Нөхцөл байдал нэгэнт ийм болсон учраас санхүүгийн тогтвортой байдлаа хамгаалахын тулд төр засаг санхүүгийн өндөр сахилга баттай байх ёстойг эдийн засагчид хэллээ. Мөнгөний бодлого тогтоохдоо ч бүх эрсдлийг тооцоолох шаарлага байгааг онцолж байна.  

2020 оны мөнгөний бодлогын баримт бичигт эдийн засгийн сэргэлтийн төлөв, ирэх жилүүдэд эдийн засагт тулгарч болзошгүй эрсдэл, сорилтыг тодорхойлох, түүнийг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулсан зорилтуудыг тусгажээ. Тухайлбал, гадаад өрийн дарамтыг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд валютын цэвэр нөөц, хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарна гэв. Ирэх онд эдийн засгийн өсөлт хадгалагдахаар байгаа тул гадаад, дотоод секторын тэнцвэртэй байдлыг хангах, валютын ханшийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Түүнчлэн Монголбанк үндсэн зорилгынхоо хүрээнд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд инфляцийг тотворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ гэлээ.                   

Мөн ирэх 2020 оны мөнгөний бодлогод банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн шинэтгэлийг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, холбогдох хуулийн төслийг боловсруулна гэдгийг Монгол банкны дэд ерөнхийлөгч онцоллоо.