Нийгэм

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд туссан үндэсний болон орон нутгийн хөгжлийн зорилттой уялдуулан мэргэжлийн боловсролын сургалтыг төрөлжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Тэгвэл энэ зорилтын хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд бүрэн нийцүүлэх авто зам, гүүрийн мэргэжлийн чадамжийн төв өнөөдөр нээлтээ хийлээ.  Ингэснээр Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох авто зам, гүүрний чиглэлээр мэргэшсэн боловсон хүн энд бэлтгэгдэх боломж бүрдэж байгаа юм.

Энэ төв ашиглалтад орсноор мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй болохоос гадна хамгийн чухал нь сурч байхдаа мэргэжлийн тоног, төхөөрөмж, техник хэрэгслүүдтэй харьцаж туршлагажина гэлээ. Ингэснээр төгсөгчдөөс тухайн чиглэлээрээ 1-2 жил ажилласан байх туршлага шаардахгүйгээр шууд мэргэжлээрээ ажиллах боломж бүрдэж байгааг онцоллоо. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод энэ мэт МСҮТ-үүдээрээ дамжуулан туршлагатай мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх тухай тусгасан гэдгийг албаныхан онцолж байна. Ингэснээр ажиллах хүчнээ заавал гадаадын улс орноос гэхгүй дотоодоосоо хангах боломж бүрдэнэ гэсэн юм.