Зеленский: Бид гадны улс орнуудын дэмжлэгээр бүх зүйлээ сэргээн босгоно

Улс төр

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский улс оронд нь үргэлжилж байгаа дайн тулааны улмаас сүйдсэн бүхнээ гадны улс орнуудын дэмжлэгтэйгээр эргүүлээд сэргээн босгоно гэж мэдэгджээ. 

Зеленскийн мэдээлснээр тэрээр дайн тулааны улмаас их хэмжээний хохирол сүйрэл амсч байгаа дэд бүтэц, мөн дотоодын эдийн засгаа дахин хөл дээр нь босгохын тулд гадны улс орнуудтай санхүү, эдийн засгийн дэмжлэг хүсч, яриа хэлэлцээр давхар явуулж байгаа гэнэ. 

Украины ерөнхийлөгч:

-Оросын цэрэг армийнхан манай орны дэд бүтцийг сүйтгэн, их хэмжээний хохирол сүйрэл учруулсаар байна. Гэхдээ бид халдлага дайралтад өртсөн хот, суурин, тосгон нэг бүрийг сэргээн босгож, илүү сайныг бүтээх болно. Бид бүтээн байгуулалтаа богино хугацаанд хийж, улс орноо илүү хүчирхэг, илүү чадвартай, илүү тусгаар байлгах болно гэжээ. Тэгвэл Орос-Украины хоорондын яриа хэлэлцээ өдөр өнжилгүй хийгдсээр, үргэлжилсээр байгаа юм. Энэ талаар Украины талтай албаны яриа хэлэлцээ явуулж байгаа Оросын талын албаны төлөөлөгч, ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский мэдэгджээ. Сөргөлдөгч талууд хамтарсан яриа хэлэлцээгээ видео хэлбэрээр өдөр бүр явуулж, өмнөө тулгамдсан асуудлыг шийдвэрлэн нэгдсэн тохиролцоонд хүрэх хүртэл үргэлжлүүлэх болно

гэжээ.

Орос-Украины хоорондын 4 дэх шатны хэлэлцээ даваа гарагт цахим хэлбэрээр явагдаж, техникийн завсарлага авчээ.