Оросын иргэний агаарын тээврийн Аэрофлот компани гадаад нислэгээ зогсоож байна

Улс төр

Оросын иргэний агаарын тээврийн Аэрофлот компани гадаадын улс орнууд руу хийх нислэгээ зогсоож байна. Аэрофлот компаниас гаргасан мэдэгдэлд дурьдсанаар 3-р сарын 8-ны өдрөөс эхлэн Беларусь улсаас бусад гадны улс орнууд руу хийх олон улсын нислэгээ зогсоож байгаа юм. 

Энэ шийдвэрийг Оросын Росавиация нэгдэл гаднаас түрээсээр авч хэрэглэдэг иргэний болон ачааны зориулалттай онгоцнуудын нислэгийг зогсоох арга хэмжээ авах чиглэл өгсний дараа гаргажээ. Учир нь гадны улс орнууд ОХУ-ын эсрэг Барууны хориг арга хэмжээнээс шалтгаалан Аэрофлот компанийн гадны орнуудаас түрээсээр авч ашиглаж байгаа онгоцнуудыг тухайн газар нутагт битүүмжлэх, хурааж болзошгүй юм. Түүнчлэн Росавиация мэдэгдэлдээ Оросоос онгоц түрээслэн ашиглаж байгаа гадны орнуудад дээрх шийдвэр чиглэл хамаарахгүй болохыг тодруулжээ.

Ингэхдээ Аэрофлот агаарын тээврийн компани улс орон дотроо, дотоодын нислэгүүдээ хэвийн горимоор үргэлжлүүлнэ.

Аэрофлот компани түүнчлэн Оросын нутгаас 3-р сарын 6-наас хойш нислэгтэй, мөн 3-р сарын 8-наас хойш эргэн ирэх ёстой байсан зорчигчдын тийзийг хүчингүй болгож байгааг мэдэгдэн, тийзний мөнгийг буцаахаар болжээ. Харин нэг талдаа нислэгтэй зорчигчдод тухайн зорьсон газраа 3-р сарын 8-ны дотор нисэхийг зөвшөөрч байгаа юм.