Оросын тал Украины эсрэг цэргийн ажиллагааны үеэр 498 иргэнээ алджээ

Үйл явдал

ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины эсрэг эхлүүлсэн цэргийн тусгай ажиллагаа 8 дахь хоногтоо үргэлжлэхтэй зэрэгцээд анх удаа Оросын талаас амссан хор хохирлын талаар мэдээлжээ. 

Албаны мэдээгээр Оросын тал Украины эсрэг халдан довтолж, цэргийн ажиллагаа эхлүүлснээсээ хойш 498 хүнээ алдаж, 1600 гаруй хүн шархадсан байна.

Тэгвэл Украины тал Оросын амссан хохиролыг нэрлэж байгаа тооноос хэд хэдэн олон гэж мэдэгдэж байна. Ямартаа ч Орос-Украины сөргөлдөөний улмаас учирсан хор хохиролын талаар талууд өөр хоорондоо маш их зөрүүтэй мэдээлж байгаа юм. Оросын талын явуулж байгаа цэргийн ажиллагаа хүрээгээ тэлсээр, зарим мэдээллээр иргэний зориулалттай объектууд руу гал нээж, Украины энгийн номхон иргэд халдлага дайралтад өртөж байна. Түүнчлэн Украины тагнуулын албаныхан улсынх нь хилийн ойролцоо Беларусийн талаар цэргийн хүчин төвлөрч байгаа талаар мэдээлж байгаа юм.