Украины хотуудын эсрэг цэргийн ажиллагаа үргэлжилж байна

Үйл явдал

Орос-Украины талууд Беларусьд эхний шатны хэлэлцээ хийж, энэхүү уулзалтаа үргэлжлүүлэхээр тогтсон. 

Гэсэн ч сөргөлдөгч талуудын албаны төлөөлөгчдийн уулзалт үргэлжилж байх хооронд Украины газар нутаг руу Оросын тал дайралтаа үргэлжлүүлсээр байжээ. 

Москва Киевийн талын албаны төлөөлөгчид ирэх баасан гарагт Польш-Беларусийн хилийн бүсэд хоёр дахь уулзалт хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр тогтсон юм. Тэгвэл албаны төлөөлөгчид уулзаж байх хооронд Украины Чернигов, Харьков зэрэг хотуудад орон сууцны барилга, иргэний дэд бүтэц халдлагад өртсөн талаар мэдээлж байна. Украины зүүн өмнөд хэсгийн Мариуполь болон Волноваха хотууд галын халуун цэг хэвээр байна. Түүнчлэн Украины зэвсэгт хүчний дайралт Донбассын бүс нутагт үргэлжилж байгаа мэдээлэл ирж байгаа юм. Украины нийслэл Киев хот урьдын адил бүслэлтэд, онцгой байдал, хамгаалалтан дор байгаа талаар мэдээлж байна. Украины ерөнхий сайд Денис Шмыгалийн мэдээлснээр тэд иргэдээ шаардлагатай хоол хүнс, эм тариа, ундны ус, түлшээр хангах хангамжийн төвүүд байгуулсан гэжээ.