Ковид-19

Коронавируст халдварын тохиолдол 37-оор нэмэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Ингэснээр манай улсад батлагдсан тохиолдол 135 болж эдгэрсэн 20 хүн байна. Шинээр вирусийн халдвартай нь тогтоогдсон 37 хүний хувьд бүгд Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн боомтоор эх орондоо ирсэн буюу зөөвөрлөгдсөн тохиолдол байгаа юм. Тэднийг тусгаарлан, Халдварт өвчин судлалын үндэсний төв хүргэх ажлыг эхлүүлжээ.

Манай улсад батлагдсан тохиолдол 135 боллоо. 5-р сарын 14-нд ОХУ-аас ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс коронавируст халдвар илэрчээ. Алтанбулаг боомтоор ирсэн иргэдийг Төв аймаг дахь гурван сувилал болон Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарласан. Харин онош батлагдсан тохиолдлуудыг өнөөдөр ХӨСҮТ-д шилжүүлэн авчирна гэсэн юм.  

ХӨСҮТ-д одоогийн байдаар 78 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэдийн дунд биеийн байдал нь хүнд байгаа 17 хүн байна. Мөн жирэмсэн хоёр эмэгтэй байгаа гэсэн юм. Харин ОХУ-аас ирсэн онош батлагдсан тохиолдлуудын биеийн байдал хэвийн байгаа. Шинж тэмдэг илрээгүй байх үедээ ирсэн байна. Халдвар бүртгэгдсэн улс орноос ирсэн учир нэг нэгээр тусгаарлан шинжилгээнд хамруулаад байсан юм.

ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь лабораторид нийт 238 хүнд шинжилгээ хийжээ. Тухайлбал, Алтанбулаг боомтоор орж ирсэн 25 ачаа тээврийн жолооч, Баян-Өлгий, Дундговь зэрэг аймгуудаас тандалтын зорилгоор 15 хүнээс сорьц зөөвөрлөн авчирч шинжилгээнд хамруулахад хариу бүгд сөрөг гарсан байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ