Ковид-19

Дэлхий нийтээрээ ковид-19-ын эсрэг вакцин бэлэн болохыг хүлээж, олон оронд вакцин гарган авах ажлыг эхлүүлээд байгаа юм. Үүний нэг Вьетнам Улсад вакцины туршилт шинжилгээний ажил амжилттай үргэлжилж байна. Вьетнам Улс ковид-19 халдварын эсрэг вакцины амьтан дээрх туршилтын ажлыг амжилттай эхлүүлсэн.

Энэ улсын вакцин ба биологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниас энэ ажлыг эрхлэн явуулж байгаа юм. Ковид-19-ын анхны тохиолдол Вьетнамд бүртгэгдсэний дараа вакцин ба биологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани Английн Бристолийн Их сургуультай хамтран вакцин гарган авах ажлыг эхлүүлжээ. Эрдэмтэд вакцин үйлдвэрлэхэд хамгийн чухал гэж үздэг лабораторид САРС Ковид-ийн эсрэг биетийг зөөвөрлөж гаргаж авсан байна. Шинжээч Мак Ван Тронг хэлэхдээ,

“Бид вирус тээгч удамшлыг амжилттай гарган авсан. Амьтан дээрх туршилтыг ч бас явуулсан.  Вакциныг одоогоор вирусын эсрэг биеийг гарган авахаар хулгана дээр туршиж байна. Үр дүн гартал ойролцоогоор 2-3 долоо хоног шаардлагатай”

хэмээн мэдээлжээ. Вакцин ба биологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаний захирал До Туан Дат

 “Вакцины үр дүнг харахын тулд хамгийн эхлээд вирусын эсрэг, эсрэг биетийг бий болгох чадварыг харах шаардлагатай. Харин энэ үйл явц хүний бие дээр хийгдэнэ”

хэмээн ярьсан байна.  Дэлхий дээр вакцин гарган авахаар ажиллаж байгаа ихэнх орнууд одоогоор Вьетнам Улстай адил хулгана дээрх туршилтын ажлыг явуулж байгаа юм байна.