Ковид-19

БНСУ-аас манай улсад 250 мянган америк долларын өртөг бүхий түргэвчилсэн оношлууруудыг хандивлалаа. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны бодлого, арга хэмжээ сайн байгааг БНСУ өндрөөр үнэлж байгааг тус улсаас Монгол Улсад сууж байгаа элчин сайд Ли Ё Хун онцолжээ. Хүнд хэцүү цаг үед нэн шаардлагатай оношлуураар дэмжлэг үзүүлж байгаад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл талархал илэрхийллээ.

Шинэ төрлийн коронавируст халдвартай тэмцэхэд, халдварыг илрүүлэхэд нэн шаардлагатай түргэвчилсэн оношлуурыг өгч байгаад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбар болон хүн ардынхаа өмнөөс талархал илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ

Нэгдүгээр сарын 3-наас хойш Монгол Улсын эрүүл мэндийн салбар төр засаг, олон улсын байгууллага, элчин сайдын яамдууд, ард иргэдтэйгээ хамтран коронавирустэй тэмцсээр байна. Халдварыг хүн ардынхаа дунд алдахгүй байхыг хичээж байгаа ч ДЭМБ-аас нөхцөл байдлыг урьдчилан харж, аль ч улс халдварын тархалтыг тойрохгүй өнгөрөх боломж байхгүй гэж үзэж байгаа учраас Монгол Улсын хувьд  хариу арга хэмжээ авах, бэлэн байдлаа хангах зэргээр бүх л нөөц боломж, хүч чадлаа бэхжүүлэн ажиллаж байна гэлээ. Энэ хүнд хэцүү цаг үед БНСУ-аас томоохон дэмжлэг үзүүлж, оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх боломж олгож байгаа БНСУ, элчин сайдад талархал илэрхийллээ.

ЛИ Ё ХУН - БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД

Орчуулга: БНСУ-ын Засгийн газраас тусламж болгон хандивлаж байгаа коронавирусын оношлуурыг Монгол Улсад хүлээлгэн өгч байгаадаа их баяртай байна. Монгол Улсын Засгийн газар ковид-19 халдвар анх гарснаас эхлэн хатуу чанга арга хэмжээ авч, ард иргэд ч идэвхтэй дэмжиж оролцсоны үр дүнд өнөөдрийг хүртэл дотоодод халдвар гараагүй байна. Монгол Улсын авч хэрэгжүүлсэн энэ арга хэмжээг БНСУ төдийгүй гадаадын олон улс орон өндрөөр үнэлж байна. Солонгос Улсын засгийн газар вирусын аюулыг хаалт босгох бодлогоор зогсоох боломжгүй гэж үзээд олон улстай хамтран ажиллаж, хамтдаа тэмцэхийг чухалчилж байгаа. Иймээс Монгол Улстай хамтран ажиллах үүднээс 250 мянган ам. долларын өртөг бүхий 30 мянган оношлуурыг хандивлаж байна. 

250 мянган америк долларын өртөг бүхий нийт 30 мянган оношлуурыг манай улс хүлээн авлаа.