Ковид-19

Нидерланд Улсын нийслэл Амстердам хотод жил бүр 4-5 сар хүртэл “алтанзул” цэцэг дэлгэрч, хот даяар цэцэгсд дарагдан, хавар ирж, хүмүүс энэ үеийг баяр мэт өнгөрүүлдэг. Харамсалтай нь энэ жил цар тахлын улмаас иргэд олноор цугласан үйл ажиллагааг зогсоохоос гадна зарим газарт гэрээсээ гарах ч хориотой байгаа юм.

Тиймээс одоо урган дэлгэрч байгаа цэцэгсийн үнэ буурсан ч авах хүнгүй болсны улмаас хаягдаж байна. Голландын дөрвөн үеэрээ цэцэг тарьж ургуулан арчлах бизнес хийсэн алдартай гэр бүл “JUB Holland”-ын захирал Франк Уйттэнбогард дээрх нөхцөл байдлаас шалтгаалан 200 мянган цэцгийг зүгээр хаяхаас өөр аргагүй болсон тухай “New York Times” сэтгүүлд мэдээлсэн байгаа юм. Тэрбээр утсаар хийсэн ярилцлагадаа

“Цэцэгсийг зүгээр л хаях үнэхээр сэтгэл өвдмөөр байсан. Долоон сараас эхлэн цэцэгсээ суурилуулж, энэ хүртэл арчлан тордож үзэсгэлэнг нь бий болгодог. Энэ жилийн цэцэгс өнгө үзэмж сайтай, сайхан дэлгэрч байсан юмсан. Цэцэгсийг хаях үед би дугуйгаа унаад явчихсан. Учир нь би ийм зүйлийг харж тэсэхгүй шүү дээ”

хэмээн ярьжээ. Үүнээс гадна Нидерландын хамгийн алдартай цэцэг тарин ургуулж борлуулдаг “Royal FloraHolland” компанийн менежер Фрэд Ван Тол сүүлийн сард 400 сая цэцэг устгалд орсон тухай мэдээлсэн байна. Үүний 140 сая нь алтанзул цэцэг байв. Цэцгийг баяр наадамд ихэвчлэн ашигладаг. Харамсалтай нь энэ нөхцөл байдалд баяр наадам тэмдэглэн өнгөрүүлж байгаа газар бараг л байхгүй болжээ. Фрэд Ван Тол хэлэхдээ

“Гурав, дөрөв, тавдугаар сард Эмэгтэйчүүдийн баяр, Улаан өндөгний баяр гэх мэт хамгийн олон баяр тохиодог. Энэ үеэр өдөрт дунджаар 30 сая долларын орлоготой ажилладаг. Цэцгийн улирал найман долоо хоног орчим үргэлжилдэг”

хэмээн ярьсан байна.