Ковид-19

Вьетнам Улс будаа тариалалтаараа дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг. Харин тахлын улмаас энэ улс будаа экспортлох ажлыг түр зогсоосон байсан. Өнөөдөр буюу 5-р сарын 1-нээс эхлэн будаа экспортлох ажлыг үргэлжлүүлэхээр болсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээллээ.

Вьетнамын будаа экспортлох захиргаанаас энэ улсын Ерөнхий сайдад будаа экспортлох хүсэлтийг таван удаа явуулсан байна. Ерөнхий сайд хүсэлтийг зөвшөөрснөөр 3 мянган тонн будаа экспортоор гаргахаар шийдвэрлэсэн тухай Вьетнамын “VTV”  мэдээлсэн байна. Одоогоор Вьетнамын будааны агуулахад 10 мянга гаруй тонн будааг хадгалсан байгаа юм байна. Эхний ээлжинд 3 мянган тонн будаа экспортлох нь бизнес эрхлэгчдэд үнийн уян хатан нөхцөл бүрдүүлнэ гэж үзсэн юм байна. Экспортлох будаанд хэмжээ тогтоож байгаа нь цаашдаа агуулахад нөөц бий болгож будааг тогтмол хэвийн хурдаар үйлдвэрлэхэд эерэг нөлөө болно гэдгийг Вьетнамын эрх баригчид онцолжээ. Тахлын оргил үеэр 55 мянга гаруй тонн будаа Вьетнамын Ми Төйе боомт дээр гацсан байсан. Одоо экспортлох 3 мянган тонн будааг зүүн өмнөд Азийн орнуудад нийлүүлэх юм байна.