Ковид-19

Ази тивийн хамгийн том нисэх онгоцны буудлын нэг Хонконгийн Олон улсын нисэх онгоцны буудалд вирус устгагч халдваргүйжүүлэлтийн кабин байрлуулжээ. Ингэснээр онгоцны буудалд халдвар авах өндөр эрсдэл дунд ажилладаг алба хаагчдын эрүүл мэндийн эрсдэлийг бууруулж эхэлжээ.

Төхөөрөмжийг ашиглахын өмнө хаалганы хажууд байрлах камерт өөрийн халуунаа шалгуулж ороод 40 секунд төхөөрөмжийн дотор зогсоно. Онгоцны буудлын мэргэжилтний мэдээлснээр энэ төхөөрөмж нь гэрэл зураг боловсруулах бодис бүхий технологийг нано зүүний хамт ашиглан ил харагдах хувцас болон арьсан дээрх ямар ч төрлийн вирус, бактерийг устгадаг юм байна. Төхөөрөмжийн дотор ариутгагч санитолыг ч бас хамт байршуулсан тухай онцолжээ. Гэхдээ аль хэдийнэ халдвараар өвчилсөн иргэн ариутгалд орсон ч вирусыг устгах боломжгүйг онцолсон юм. Одоогоор зөвхөн олон нийттэй харилцдаг, аюултай нөхцөлд ажиллаж байгаа онгоцны буудлын алба хаагч нар энэ төхөөрөмжийг ашиглаж байгаа юм байна. Цаашдаа хүрээгээ тэлэн, зорчигчдод ч бас төхөөрөмжийг хэрэглэх боломжтой болно гэдгийг эх сурвалжид дурджээ.