Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон БНЭУ-д айлчилж байна

Улс төр

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон БНЭУ-д айлчилж байна. Тэрээр Энэтхэгийн хамтрагч Нарендра Модитай уулзаж, хуучин Британийн колони байсан энэ улстай харилцаагаа шинэ түвшинд гаргахаар төлөвлөжээ.

Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарч, Брекситын дараах харилцаагаа улс орнуудтай шинээр байгуулахаар зорьж байгаа юм. Их Британийн тал Энэтхэг улстай харилцаагаа шинэ түвшинд гаргахаар тэмүүлж байгаа ч сүүлийн үеийн олон улсын анхаарлыг татсан Украины дайнтай холбоотой үйл явдал дээр л гэхэд Нью Дели Оросын эсрэг хоригт нэгдэхээс татгалзсан юм.

Борис Жонсон айлчлалынхаа үеэр Энэтхэг, Оросын харилцааны талаар Нарендра Модитай хэлэлцэнэ гэдгээ Скай Ньюс-д өгсөн ярилцлагадаа дурьдсан. Тэрээр Нью Дели-Москвагийн харилцаа эртнээс улбаатай, тэр дундаа цэрэг батлан хамгаалахын салбарт нягт харилцаатай гэдгийг хүлээн зөвшөөрч, цаашид Энэтхэгийн талтай Их Британи улс ч мөн харилцаагаа сайжруулахын төлөө байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.