Дэлхийн улс орнууд далай тэнгисийн эко системийг хамгаална

Үйл явдал

Францын Брест хотноо дэлхийн далай тэнгисийн асуудлаарх “нэг далай тэнгис” нэртэй олон улсын чуулган амжилттай боллоо.Брестийн уулзалтад оролцохоор дэлхийн 30-аад улс орны төр засгийн тэргүүлэгчид, эрдэмтэн судлаачид, байгаль экологичид хуран цугласан юм.

“Нэг далай тэнгис” олон улсын чуулган, дээд уулзалт нь байгаль экологи, тэр дундаа далай тэнгист учирч болзошгүй экологийн аюул заналхийллээс сэргийлэхэд чиглэсэн олон улсын үүрэг хариуцлагын тогтолцоог боловсруулах боломжийг нээхэд чиглэж байжээ.

Дэлхийн уур амьсгалын дулаарал, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор далай тэнгисийн аюулгүй байдал, мөсөн уул хайлж, экологийн тэнцвэрт байдал алдагдах аюул гамшиг өнөөдөр хүн төрөлхтөний өмнө тулгамдаад байгаа чухал асуудлуудын нэг болоод байгаа юм. Тиймээс далай тэнгисийн бохирдлыг бууруулах, хог хаягдлаас цэвэрлэх, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах зэрэг асуудлыг Брестийн уулзалтаар хэлэлцэж, Брестийн үүрэг хариуцлага гэх баримт боловсруулжээ. Энэ хүрээнд дэлхийн улс орнууд далай тэнгист хүний буруутай үйл ажиллагаанаас болж учруулсан шархаа эдгээх үүрэг амлалт, хариуцлага хүлээж байгаа юм. 

Ирэх сард Америкийн Нью Йорк хотноо далай тэнгисийг хамгаалах олон улсын гэрээ хэлцэл байгуулахаар төлөвлөж, үүнд ЕХ-ны гишүүн 27 улс орон, мөн дэлхийн 13 орон нэгджээ.