Коронавирусийн “Делта+” хувилбарын тохиолдол 11 улсад бүртгэгдэж, Израиль амны хаалт заавал зүүх журмыг сэргээлээ

ДЭЛХИЙ

Коронавирусийн мутацид орсон делта хувилбар Энэтхэг улсад анх бүртгэгдсэн. Тэгвэл энэ хувилбар нь дахин мутацид орж "делта+" буюу делта плас гэх төрөл үүссэн талаар өнгөрсөн долоо хоногт анх мэдэгдсэн юм. Халдварын делта плас хувилбар дэлхийн 11 улсад бүртгэгдээд байгаа талаар ДЭМБ-аас мэдэгдсэн байна. 

АНУ, Их Британи, Энэтхэг зэрэг дэлхийн 11 улсад делта плас хувилбарын тохиолдол бүртгэгджээ. Харин энгийн делта хувилбар 60 гаруй улсад бүртгэгдээд байгаа юм. Делта плас хувилбар нь делта хувилбараас илүү халдварлах чадвартай, хүндээр өвчлүүлдэг гэдгийг эрдэмтэд анхааруулж байна. Хамгийн аюултай нь делта болон делта плас хувилбар нь вакцинаар хамгаалагдахгүй байх эрсдэл өндөр. Халдвараар өвчлөөд эдгэрсэн хүн ч энэ төрлөөр өвдөх эрсдэлтэй. Энэтхэгийн 12 мужаас 51 делта плас халдварын тохиолдол бүртгэгдсэн. Мөн энэ төрлийн халдвар авсан дөрвөн иргэн нас барсан гэж мэдээллээ. Манай хойд хөрш ОХУ-ын Москва хотод делта хувилбарын халдвар ихээр тархаж, ковид-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш хамгийн их нас барсан болон шинэ халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн. Өнгөрсөн 24 цагт л гэхэд ОХУ-д 144 нас барсан тохиолдол бүртгэгджээ. Делта плас хувилбарын дэгдэлттэй холбоотойгоор Герман болон Португаль, Израиль зэрэг улсууд цар тахлын хязгаарлалтыг чангатгаж байгаа юм. Тухайлбал Израиль улс 7-р сарын 1-нээс хилээ хаах байснаа хойшлуулж, иргэдийг заавал амны хаалт зүүх журмыг сэргээсэн байна.