Истанбул хотын төв хэсэгт болсон дэлбэрэлтийн улмаас 6 хүн амиа алдаж, 81 хүн шархаджээ

Үйл явдал

Өчигдөр буюу Ням гарагт Туркийн Истанбул хотод дэлбэрэлт болж, 6 хүн амь насаа алдаж, 81 хүн бэртэл гэмтэл авсан гэж албаныхан мэдээллээ. Орон нутгийн цагаар 16 цаг 20 минутын үед Истанбулын худалдааны гудамж-Таксим талбайн ойролцоо дэлбэрэлт болсон байна. Тус улсын Дотоод хэргийн сайд сэжигтэнг саатуулсан тухай мэдэгджээ.

 Туркийн ерөнхийлөгч Рэжэп Таүйип Эрдоган мэдэгдэл хийхдээ, дэлбэрэлтийг террорист үйл ажиллагаа гэж сэрдэж байгаагаа илэрхийлсэн бол улсын дэд ерөнхийлөгч мөн адил таамаглалыг дэвшүүлсэнг BBC уламжилж байна. Дэлбэрэлт болсон газар нэгэн эмэгтэй 40 минутын турш сандал дээр сууж, дэлбэрэлт болохоос хэдхэн минутын өмнө явсанг Хууль зүйн сайд мэдэгдсэн. Харин Даваа гарагийн өглөө, дотоод хэргийн сайд, Сулэйман Сойлу, тэсрэх бөмбөг үлдээсэн байж болзошгүй этгээдийг цагдаа нар баривчилсан гэж мэдэгдээд, үүнийг Курдистаны ажилчны нам бүлэг үйлдсэн гэж буруутгасан байна. Курдистаны зэвсэгт бүлэглэл нь Туркийн нутаг дэвсгэр дэх Курдын тусгаар тогтнолыг эрэлхийлдэг бүлэглэл юм, ЕХ болон АНУ тэднийг террорист бүлгэм гэж үздэг байна.

Гэхдээ дэлбэрэлтийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгааг тус улсын мэдээллийн агентлагууд болон BBC, Ройтерс агентлагууд мэдээлж байна. Истиклал өргөн чөлөөний эргэн тойронд хамгаалалт өндөр байгаа бөгөөд цагдаа нар тус хэсгийг бүслэлтэд аваад байна. Мөн, дээгүүр нь нисэх тэрэг эргэлдэж, түргэн тусламжийн машинууд хэргийн газар луу яаравчлан ирж байгааг ВВС болон Ройтерсийн сурвалжлагчид мэдээлж байна. АНУ, Франц, Украин, Пакистан, Грек, Итали зэрэг улсууд Турктэй эв санааны нэгдлээ илэрхийлж, хүнд хэцүү үед хамт зогсоно гэдгээ мэдэгджээ. Хөл хөдөлгөөн ихтэй, хотын гол судас болсон - Истиклал гудамж өмнө нь 2016 онд амиа золиослогч этгээдийн халдлагад өртөж байсанг гадаадын хэвлэл мэдээлэл мэдээлж байна.