Германы “Дойче Бан” болон үйлдвэрчний эвлэл тохиролцоонд хүрч чадлаа

Үйл явдал

Германы Дойче Бан төмөр замын компани болон үйлдвэрчний холбооныхон ажилтнуудын цалин хөлстэй холбоотой маргаанаа хэлэлцэн шийдвэрлэж чаджээ. Ингэснээр Германы төмөр замын машинистууд дахин ажил хаялт зарлахааргүй болж, компанийн удирдлагаасаа цалин хөлсөө нэмэх амлалт авч чадсан байна. 

Олон сар үргэлжилсэн яриа хэлэлцээрийн дүнд Дойче Бан болон төмөр замын ажилтнуудын эрхийг хамгаалах үйлдвэрчний холбоо ажилтнуудынхаа цалинг 3,3%-иар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрч чаджээ.

Төмөр замын оператор компани түүнчлэн цар тахлын халдвартай холбоотой сул зогсолтын үеийн нөхөн олговрыг ч ажилтнууддаа төлөхөөр болсон байна. Энэ дагуу төмөр замчид нэг удаагийн тэтгэлэг болох мянга хүртэлх еврогийн тэтгэмжийн мөнгө авахаар болжээ.

Германы Дойче Бан төмөр замын компанийн ажилтнууд зуны амралтын улирлын үеэр 3 удаа ажил хаялт зарласан нь иргэд болоод жуулчдад таагүй байдал үүсгэсэн юм.