БНАСАУ, БНСУ-ын талууд нэгэн зэрэг баллистик пуужин туршжээ

Үйл явдал

БНАСАУ, 2021 он гарсаар 5 дахь удаагаа пуужингийн туршилт явууллаа. Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ үүсгэн байгуулагдсан ойн өдөр Пхеньян алсын зайн тусгалтай далавчит пуужингийн туршилт явуулсан бол лхагва гарагт дахин пуужин харван туршжээ.

Гэхдээ энэ удаад Умардын тал галт тэргэн дээрээс пуужин харвах туршилт явуулсан байна. Тэгвэл үүнтэй зэрэгцээд БНСУ мөн пуужингийн туршилт явуулжээ. Өмнөд Солонгосын тал умардын хөршөө баллистик пуужин туршсанаас 2 цагийн дараа шумбагч хөлөгнөөс пуужин харван туршжээ.

Солонгосын хойгийн бүс нутаг дахь Умард болон Өмнөд Солонгосын талууд ар араасаа пуужингийн туршилт явуулжээ. Ийнхүү пуужингийн туршилт явуулсныг ажиглагчид Солонгосын хойгийн бүс нутгийн улс орнууд зэвсэглэлээр хөөцөлдөх үйл явцаа идэвхжүүлж байгаагийн илрэл гэж үзэж байна. Умард Солонгосын тал улсынхаа төвийн хэсэгт байрлах цэргийн полигоноос Япон тэнгисийн зүг хоёр баллистик пуужин харважээ. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хоригийг сүүлийн хагас жилийн хугацаанд зөрчсөн анхны тохиолдол болжээ. Умард Солонгосын арми лхагва гарагийн өглөө галт тэрэгнээс пуужин харвах туршилт хийсэн байна. Энэ улсад шинээр байгуулагдсан Хурдан пуужингийн анги энэхүү туршилтыг хийжээ. Умардын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар төмөр зам дээрх галт тэрэгнээс утаа савсуулан хөөрч байгаа пуужингийн зураг үзүүлсэн ч чухам ямар төрлийн пуужин болох нь тодорхойгүй байна. Пуужингийн туршилт амжилттай болж, 800 км-ийн алсад Япон тэнгисийн уснаа байг оновчтой устгасан талаар Пхеньян мэдээлжээ.

Өмнөд Солонгосын тал шумбагч онгоцон дээрээс баллистик пуужин амжилттай туршсан байна. Туршилтыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин болон засгийн газрын гишүүд, армийн өндөр албан тушаалтнууд байлцан ажиглажээ. Улмаар туршилт амжилттай, үр дүнтэй болбол шумбагч онгоцны баллистик пуужинг зэвсэглэлд нэвтрүүлэх эсэхийг шийдэх гол зорилго тавьжээ. Пуужинг Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчний “Досан Ан Чанхо” шумбагч онгоцон дээрээс харван туршжээ. Шумбагч хөлгийг өнгөрсөн 8-р сард Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчинд нэгтгэж, улмаар баллистик пуужин туршсан байна. Туршилтын явцад пуужин ойрын зайд заагдсан байд оновчтой тусчээ.