Украины Ерөнхийлөгч В.Зеленский кино наадмын зочид төлөөлөгчдөд хандан үг хэлжээ

Улс төр

Францын Канн хотноо олон улсын нэр хүндтэй кино наадам эхэллээ. Канны олон улсынкино наадам энэ жил 75 дахь удаа болж, нээлтийн арга хэмжээ, улаан хивсний ёслолболлоо. Энэ жилийн кино наадмыг Францын жүжигчин Виржини Эфира хөтлөн явуулж, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский кино наадмын зочид төлөөлөгчдөд хандан үг хэлжээ. 

Энэ жилийн Канны кино наадамд нийт 2 мянгаад уран бүтээл ирснээс 47 киног наадмын үндсэн хөтөлбөрт оролцуулахаар сонгожээ. Түүнчлэн эдгээрээс 18 кино Канны наадмын үндсэн шалгаруулалтад тунаж үлдсэн байна. Энэ жил Канны кино наадамд Украины дайн тулааны улмаас Оросын талыг оролцуулаагүй... Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Канны кино наадамд хандан:

-Өнөөдөр дэлхийн улс орнууд Украины дайн, хямралыг зүгээр хараад суухгүй, оролцож, дэмжиж, нэг хэсэг нь болж байгаад талархал илэрхийлэхийг хүсч байна. Бидэнд энэ бүх аймшигтай өдрүүдийн дараа Украинд чухам ямар үйл явдал өрнөж, яагаад ийм байдалд хүрсэн, дайн тулааны талбарт ямар байсныг үнэн бодитоор харуулах кино магадгүй хэрэгтэй болно. Тиймээс улс төрд ч, урлаг уран сайханд ч бид үнэнийг хүн төрөлхтөнд киногоор дамжуулан ойлгуулж болно гэжээ. 

Канны кино наадмын 75 жилийн ойн хүрээнд наадмын ерөнхийлөгч Пьер Лескюр жүжигчин, зураач, найруулагч, ЮНЕСКО-ийн элч Форест Уитакерт дэлхийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Алтан далдуу мод” тусгай шагнал гардуулжээ. Канны олон улсын кино наадам энэ сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжилнэ.