АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Румын, Словак, Украин улсад айлчилжээ

Улс төр

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Румын, Словак, Украин улсад айлчилжээ. Түүний Украинд хийсэн айлчлал гэнэтийн, урьднаас төлөвлөөгүй айлчлал байжээ. 

Америкийн тэргүүн хатагтай Жилл Байден бямба гарагт Румыны нийслэл Бухарест хотын “Уругвай” нэртэй дунд сургуульд зочилжээ. Энд тэрээр Румыны тэргүүн хатагтай Кармен Йоханнисын хамт ирж, Украины дүрвэгсдийн хүүхдүүдтэй уулзжээ.

Өнөөдөр Румын хүүхдийн цэцэрлэг, сургуулиудад Украины 1,700 гаруй хүүхэд суралцаж байна. Румынд хийсэн айлчлалынхаа дараагаар Америкийн тэргүүн хатагтай Словак улсыг зорьж, Кошице хотод Украины дүрвэгсэд, хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд, нутгийн иргэдтэй уулзжээ. Братислав хотод Словакийн засгийн газрын төлөөлөгчид, мөн Америкийн элчингийн ажилтнуудтай уулзсан байна.

Улмаар Жилл Байден Украиныг зорьж, энэ улсын баруун хэсэгт байрлах Ужгород хотод очжээ. Ужгород хотод Америкийн тэргүүн хатагтайг Украины ерөнхийлөгчийн гэргий Елена Зеленская хүлээн авч уулзжээ. Жилл Байден Украины нутаг дэвсгэрт хоёр цаг саатаад эргээд Словак руу буцсан байна.