Армян, Азербайжаны тэргүүнүүд Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгчтэй нүүр тулсан уулзалт хийлээ

Улс төр

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотноо Армян, Азербайжаны төр засгийн тэргүүн нарыг хүлээн авч уулзлаа. Оросын талын зохион байгуулсан гурвалсан уулзалтын үеэр Армяны ерөнхий сайд Никол Пашинян болон Азербайжаны тэргүүн Ильхам Алиев нар хоёр улсын хилийн бүсийг зэвсэггүйжүүлэх асуудлаар хамтарсан комисс байгуулах тохиролцоонд хүрчээ. 

Сочид болсон уулзалт Армян-Азербайжаны хооронд энэ сарын дундуур болсон ээлжит мөргөлдөөний дараа болжээ. ОХУ-ын тэргүүн Владимир Путин Уулын Карабахын газар нутгийн маргаантай асуудлаас шалтгаалан хилийн мөргөлдөөн зөрчилдөөнтэй байгаа улс орнуудын тэргүүлэгчдийг хамтарсан яриа хэлэлцээрийн ширээний ард суулган, цаашид санал зөрөлдөөнтэй асуудлаа зэр зэвсэг, дайн тулааны аргаар бус энхийн замаар шийдвэрлэхэд уриалжээ. Сочигийн уулзалтын төгсгөлд Путин Алиев, Пашинян нарт эв найрамдлын билэг тэмдэг болгон чидун жимсний модны мөчир гардуулсан байна. чОросын Сочи хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Азербайжаны тэргүүн Ильхам Алиев болон Армяны ерөнхий сайд Никол Пашинян нарын хооронд гурвалсан уулзалт боллоо. Гурван улсын төр засгийн тэргүүлэгчдийн хамтарсан уулзалт, яриа хэлэлцээр 3 цаг үргэлжилсэн байна. Энэ уулзалт өнгөрсөн 1-р сарын 11-нд Москвад болсон гурвалсан уулзалтаас хойшхи анхны нүүр тулсан яриа хэлэлцээр болжээ. Талууд Сочид хийсэн уулзалтаар 2020 оны 11-р сарын 9 болоод 2021 оны 1-р сарын 11-нд Уулын Карабахын хямралыг эв зүйгээр зохицуулахаар хүрсэн хамтарсан яриа хэлэлцээрийн биелэлтийн асуудлаар голчлон хэлэлцжээ. Түүнчлэн Сочигийн уулзалтаар Армян-Азербайжаны талаар худалдаа-эдийн засаг, зам тээврийн харилцаагаа сэргээх асуудлыг мөн хөндөн хэлэлцжээ. Сочигийн гурван талт уулзалт эхлэхээс өмнө ОХУ-ын тэргүүн Владимир Путин Азербайжаны тэргүүн Ильхам Алиевтай уулзаж, гурвалсан уулзалтын дараагаар Армяны ерөнхий сайд Никол Пашинянтай мөн тусад нь уулзжээ. 

ОХУ-ын тэргүүн Уулын Карабахын бүс нутгийн маргаантай асуудал өнөөг хир байсаар байгаад, мөн хилийн мөргөлдөөн тулаан ойр ойрхон дэгдэж, тухай бүрт эрдэнэт хүний амь нас хохирч байгаад харамсч байгаагаа илэрхийлжээ. Тиймээс бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг сахин хамгаалахад Оросын энхийг сахиулагчдын үүрэг оролцоо урьдын адил чухал байгааг тэмдэглэсэн байна. Путин Уулын Карабахын хямралыг хөндөхдөө Орос, Армян, Азербайжаны талууд бүс нутгийн энхтайван байдлыг дэмжихэд тус бүртээ хүчин чармайлт гарган, нийтлэг ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавих ёстой гэдгийг онцолжээ. 

Армян-Азербайжаны хил дээр, Уулын Карабахын бүс нутагт энэ сарын дундуурнөхцөл байдал дахин хурцадсан юм.  Хоёр улсын хилийн маргаантай бүс болон Уулын Карабахын бүсэд дахин буун дуу хадаж, жилийн өмнө болсон үймээн самууны дараа сөргөлдөгч талуудын хооронд тогтоогоод байсан гал зогсоох хэлэлцээр дахин зөрчигдсөн юм. Уулын Карабахын бүсийг өөрийн газар нутаг гэж тооцон жилийн өмнө хоорондоо дайтан, зэвсэгт мөргөлдөөн дэгдэж байсан Армян-Азербайжаны талууд энэ удаад мөн харилцан гал нээж, үүнд бие биенээ буруутгажээ. Улмаар энэхүү зөрчилдөөн Оросын талын оролцоотойгоор намжиж, талууд гал зогсоох гэрээгээ дагаж мөрдөхөөр тогтсон юм. Сочид болсон уулзалтаар гурван улсын төр засгийн тэргүүлэгчид Уулын Карабахын асуудлыг тусгайлан хэлэлцэж, энэ удаад хүмүүнлэгийн асуудал, дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөн, мөн тээврийн коридорыг нээх талаар тохиролцоонд хүрч чадсаныг ажиглагчид томоохон үр дүн гэж харж байна. Путины тэмдэглэн хэлснээр энэ оны сүүлч гэхэд Армян болон Азербайжаны хоорондын хилийн бүсийн заагийг тогтоох, зэвсэггүй бүс байгуулах механизмыг шийдвэрлэх болно гэжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Сочид болсон гурван талт уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Армян Азербайжаны тэргүүлэгчидтэй хийсэн уулзалт цаг үеээ олсон, чухал ач холбогдолтой уулзалт байсныг онцолсон байна. Азербайжаны тэргүүн Ильхам Алиев Сочигийн уулзалтын үр дүнг мөн өндрөөр үнэлж, Өмнөд Кавказын бүс нутгийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой уулзалт болсныг тэмдэглэн хэлжээ. Армяны ерөнхий сайд Никол Пашинян мөн Сочигийн уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа хэлж, талууд өмнөө тулгамдсан асуудлуудаар нээлттэй хэлэлцэж, зарим асуудлаар үл ойлголцлоо даван туулж чадсаныг онцолжээ. Пашинян, Алиев нар ирэх сард ЕХ-ны энхийн зуучлал дор Брюссель хотноо дахин нүүр тулсан уулзалт явуулах юм. Энэ уулзалтыг Сочид болсон уулзалтаас өмнө явуулахаар төлөвлөөд байжээ.