Армян, Азербайжаны талууд НҮБ-ын олон улсын шүүхэд ханджээ

Улс төр

Одоогоос жилийн өмнө Уулын Карабахын бүс нутагт дэгдсэн Армян-Азербайжаны хоорондын хямрал, зэвсэгт тулааны асуудлаар Армяны талаас Азербайжаны эсрэг гаргасан гомдлыг НҮБ-ын олон улсын шүүхээр хэлэлцжээ. Гаага дахь олон улсын шүүхэд энэ дагуух эхний хуралдаан болсон байна.

Ереваны тал Бакуг Олон улсын арьс өнгө, гарал үүслээр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийг зөрчсөнд буруутган, энэ дагуух гомдлыг яаралтай шийдэж өгөхийг хүсчээ. Армяны талаас гаргасан гомдлын дотор улсынх нь цэргийн олзныхныг улс оронд нь буцаах, армян иргэдийн нэр төрийг гутаан доромжилсон үйлдлийн төлөө хүлцэл эрэх болон дайн тулааны үед сүйдсэн дэд бүтцийг сэргээх, армяны шашин соёлын объектыг буцаах зэрэг шаардлагууд багтаж байна.

Гаагийн шүүх дэх Армяны албаны төлөөлөгч Егише Киракосяны мэдэгдсэнээр “Азербайжаны талаас Армян иргэдийг гарал үүсэл, шашин соёлын ялгаагаар ялгаварлан гадуурхах үзэл энэ улсын нийгмийн бүх давхаргад нэвт шингэж, Армянчуудыг үзэх ядах сэтгэлгээг иргэддээ суулгаж байгаад харамсч байгаагаа илэрхийлжээ.

Тэгвэл Азербайжаны тал ч мөн Уулын Карабахын бүсэд болсон хямралын асуудлаар НҮБ-ын шүүхэд ханджээ. Энэ дагуух шүүх үйл явц ирэх даваа гарагт эхлэх юм. Уулын Карабахын бүс нутагт өнгөрсөн онд өрнөсөн 44 хоногийн дайн тулаан Оросын талын энхийн зуучлал дор 2020 оны 11-р сарын 9-нд харилцан гал зогсоох гэрээ байгуулснаар өндөрлөсөн юм.