Израиль Улс Ираны талыг цөмийн асуудлаарх яриа хэлэлцээрийг санаатайгаар сунжруулж байгаад буруутгажээ

Улс төр

Израиль улс Ираны талыг өөрийн цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар олон улсын нийгэмлэгтэй албаар яриа хэлэлцээ явуулахаас зайлсхийж, цаг хугацааг арагш нь татан, сунжруулж байгаад буруутгажээ.

Израилийн гадаад хэргийн сайд Яир Лапид энэ талаар мэдэгдэн, Тегераны эсрэг байр сууриа ийнхүү илэрхийлжээ. Тэрээр Вашингтон хотноо АНУ-ын Төрийн нар.б. дарга Энтони Блинкен болон Арабын  Нэгдсэн Эмиратын гадаад хэргийн сайд, шейх Абдалла бен Заид аль Нахайянтай уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Яир Лапид мэдэгдэлдээ: -Хэрвээ Ираны эрх баригчид олон улсын нийгэмлэгээс тавьж байгаа шахалт шаардлагыг хүлээн авахгүй, цаашид цөмийн хөтөлбөрөө нууцалсаар байвал бид Тегераны дайсагнасан байр суурийн эсрэг арга хэмжээ авч хөдлөх нь зүйтэй.

Ираны эрх баригчид наанаа цөмийн хөтөлбөрөө цэвэр энхийн зорилгоор боловсруулж байгаа мэт мэдэгдэж байгаа ч үнэн хэрэгтээ “хаалттай хаалганы” цаана ямар үйл ажиллагаа явуулж байгааг бид мэдэхгүй. Тиймээс Тегераны элдэв шалтаг хэлж, цаг хожихыг чармайж байгаа байр суурийг олон улсын нийгэмлэг хүлээцтэй хараад, хүлээгээд суух цаг нэгэнт өнгөрсөн гэжээ.