Индонезийн Жава арал дээр 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Үйл явдал

Даваа гарагт Индонезийн Жава арал дээр дэлхийн гадаргаас 10 км-ийн гүнд 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Гамшгийн улмаас олон хүн амь насаа алдаж, бэртэл гэмтэл авсан тухай олон улсын хэвлэл мэдээлэл шуугиж байгаа юм. 

Өрнөд Жава мужийн захирагч амиа алдагсдын тоо 162 гэж мэдээлсэн бол улсын гамшгаас хамгаалах албанаас 62 гэж хэлж байна. Аврагчид одоог хүртэл нурангид дарагдсан иргэдийн аврахаар ажиллаж байгаа юм. Орон нутгийн мэдээллийн агентлаг бэртэл гэмтэл авсан 700 хүн байгаа гэж мэдээлсэн, гэхдээ тоо улам өсөх төлөвтэй байгааг мөн дурдаж байна.

Газар хөдлөлтийн төв нь нийслэл Жакартагаас зүүн өмнө зүгт 75 км-ийн зайд орших, Өрнөд Жавагийн Чианджур хотын ойролцоо байсан байна. Тус бүс нутагт 2.5 сая иргэн оршин суудаг аа. Хүн ам ихээр суурьшсан энэ хэсэгт хөрсний гулгалт ихтэй бөгөөд муу баригдсан байшингууд олонтой гэж ВВС мэдээлж байна. Газар хөдлөлтөөр 2,200 гэр орон сууц нурж, гамшгийн улмаас 13,000 хүн орон гэргүй болсон гэж Өрнөд Жавагийн захирагч мэдээлсэн байна. Нуранги дор гацсан иргэдийг аврахаар аврагчид шөнөжин ажилласан бөгөөд амиа алдагсдын тоо яг тодорхойгүй байгааг гадаадын хэвлэл мэдээлэл мэдээлж байнаа. Индонезийн гамшгийн хор уршгийг арилгах үндэсний агентлаг амь үрэгдэгсдийн тоог албан ёсоор 62 гэж мэдэгдсэн бол, бүс нутгийн захирагч Ридван Камилын хэлснээр тоо 162 гэлээ. Associated Press агентлагийн мэдээлж байгаагаар амиа алдагсдын ихэнхи нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэлээ. Хүүхдүүд өдрийн хичээлээ тараад, нэмэлт Исламын шашны хичээлд сууж байхад газар хөдлөл болсон байна. Эмнэлгүүд бэртэл гэмтэл авсан хүмүүсээр дүүрсэн бөгөөд мөн газар хөдлөлтийн улмаас эмнэлгүүдийн тог цахилгаан тасарсанд, түргэн тусламжийнхан эмнэлгийн гадаа хүүхэд, хүмүүст тусламж үзүүлж байсан тухай гадаадын хэвлэл мэдээлэл онцоллоо. Аврах ажиллагаа одоогоор явадаж байгаа тул, гэмтэл авсан хүмүүсийн тоо нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Мягмар гарагийн байдлаар эрчим хүч, харилцаа холбооны сүлжээ сэргэж эхэлсэн байна. Түр хорогдох байранд байрлаж байгаа иргэдэд зориулж өглөөнөөс авахуулаад хүнс, болон тусламжийн бусад бараа бүтээгдэхүүнүүд нийслэл Жакартагаас ирж байгааг Associated Press мэдээлллээ.

Газар хөдлөлт Жава арал гэлтгүй, Жакарта хотын эргэн тойронд үймээн дэгдээжээ, чичирхийлэлтэд өндөр байшингууд найгаж, зарим иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.

270 сая иргэнтэй тус улс “Галын цагираг” гэгддэг Номхон далайн сав газрын хагарлын шугам болон галт уулын нуман дээр байрладаг тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, цунамид байнга өртдөг байна. Өнгөрсөн оны 1-р сард, энэ оны 2-р саруудад хүчтэй газар хөдлөлт болж мөн олон тооны иргэд амиа алдаж, бэртэл гэмтэл авж байсан тухай гадаадын хэвлэл мэдээлэл ярьж байна. 2004 онд Энэтхэгийн далайн хүчтэй цунамигаар 10-аад орны 230,000 хүн амь насаа алдаж байсны ихэнхи нь Индонезийн иргэд байжээ.