БНХАУ ковид-19 цар тахлын хязгаарлалтаа сулруулсны дараа томоохон хотуудад халдварын тохиолдол эрс нэмэгджээ

Үйл явдал

БНХАУ ковидын хязгаарлалтаа султгах талаар албаныхан өнгөрсөн Баасан гарагт мэдэгдсэн. Үүнд гаднаас ирсэн хүмүүсийн тусгаарлалтыг 2 дахин богиносгож, ойрын хавьтлын хүмүүсийн тусгаарлалтыг 2 өдөр болгож, халдварын олон тохиолдлыг авчирсан агаарын тээврийн компаниудад оногдуулах торгуулиа цуцална гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Бээжин хот зэрэг улсын томоохон хотуудад халдварын тохиолдол ихээр буртгэгдэж байгаа ч өөрчлөлтүүд хэрэгжсэн хэвээр байгааг Ройтерс агентлаг онцоллоо.

Өчигдөр Мягмар гарагт Хятад даяар 1661 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол, ковидын арга хэмжээг султгаснаа Баасан гарагт зарлаж, Ням гарагт нь 1794 шинэ тохиолдол бүртгэгджээ. Гэнэт эрс өөрчлөлт хийх нь бодит биш, практикийн хувьд зохимжгүй гэж иргэд эргэлзэж байгаагаа Ройтерсд ярилаа. Шанхай, Саня, Дайлян зэрэг олон хотуудад нийтийн ковид шинжилгээг цуцалсан байна.

Тэгвэл Гуанжоу хотын хөл хорионд ороод байсан оршин суугчид хатуу хөл хорионоос зугтан гарч цагдаа нартай мөргөлджээ. Гаунжоу хот тахал эхэлснээр хойш хамгийн их халдварын дэгдэлттэй тэмцэж байгаа юм. 11 сарын 7-нд халдварын 114 тохиолдол, шинж тэмдэггүй 2263 тохиолдол бүртгэгдсэн нь 2 өдөр дарааллан 1000 давсан тоо болжээ. Нийт халдварын 90% нь бүртгэгдсэн хотын 9 мужид хөл хорио тогтоож, гэртээ байхыг иргэдэд тушаасан байна. Үүний нэг Хайжу дүүрэгт голдуу ажилчин бүлгийнхэн амьдардаг бөгөөд, ковидын хатуу хязгаарлалтанд ажилаа хийх боломжгүйгээс цалин авахгүй, хоол хүнсний хомсдолтой, мөн хэрэглээний зардал хэт өндөр байгаа тухай хэдэн хоногийн турш хэлсээр, албаныхантай хэрэлдсээр байсан бол, Даваа гарагт уур хилэн нь тэсэрч, Гуанжоугийн гудамжинд олон нийтийн эсэргүүцлийг өдөөжээ. Шинжилгээний компаниуд илүү их мөнгө олохын тулд, халдварын тоог зохиомлоор нэмэгдүүлж, PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж байгаа гэх цуурхал мөн гарсан нь эсэргүүцлийг улам өдөөсөн гэж ВВС мэдээлж байна.

Цар тахлыг тойрсон цуурхал улсын хойд хэсэгт мөн тархсан байна. Хэбэй мужийн Шижяжуан хотод олон нийтийн шинжилгээг зогсооно гэж зарласан нь, ард иргэдийн дунд.. Халдварыг хяналтгүй орхивол юу болохыг ажиглахаар иргэдийг туршилтын туулай болгож байна гэх цуурхал тархжээ. Сандарсан орон нутгийн иргэд ковидын халдварт сайн гэгдэх бүх эмийг нөөцөлж хотод бусад бараа бүтээгдэхүүний нөөц ч хомсдсонг хэвлэл мэдээлэл мэдээлж байна. Үүнтэй адил цуурхал, Женжоу хотод ч мөн 2 7 хоногийн өмнө гарж байсанг ВВС дурдлаа. Хятад даяр орон нутгийн засаг захиргаанууд  эдийн засгаа сүйтгэхгүйгээр тэг ковид бодлогыг баримтлах гэж зүдэрч байгаа юм. Сүүлийн өдрүүдэд ковидын тохиолдол огт буртгэгдээгүй аймаг муж Хятадад байхгүй байгааг ВВС мэдээллээ.