АНУ-Д ВАКЦИНД БҮРЭН ХАМРАГДСАН ИРГЭДЭД АМНЫ ХААЛТ ЗҮҮХГҮЙ БАЙХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ

Үйл явдал
АНУ-ын Халдварт өвчний хяналтын төв COVID-19 коронавирусний эсрэг хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдээ зайлшгүй амны хаалт зүүхийг цаашид шаардахгүй гэдгээ мэдэгдэн, харин олон нийтийн газарт амны хаалт зүүгээгүй тохиолдолд хоорондын аюулгүй зайгаа барихыг зөвлөж байна. Ингэснээр зайлшгүй амны хаалт зүүхийг үүрэгдэхгүй ч вакциндаа хамрагдаагүй хүмүүсийн хувьд хуучин журам хүчинтэй байх юм.
Энэ талаарх байр суурийг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мөн батлан мэдэгджээ. Тэрээр улс орондоо хийгдэж байгаа вакцинжуулалтын ажлын явцын талаар Цагаан ордонд мэдээлэл хийхдээ сэтгүүлчийн тавьсан асуултад хэрвээ та вакциндаа бүрэн хамрагдсан бол амны хаалтаа тайлж болно гэжээ. Байден ийнхүү мэдэгдсэн ч хэрвээ та вакциндаа бүрэн хамрагдаагүй бол өөрийгөө болон бусдын эрүүл мэндэд аюул учруулахгүйн үүднээс амны хаалтаа зүүхийг зөвлөсөн байна. Жо Байден ийнхүү мэдэгдэхдээ коронавируст халдварын эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, хүн амаа вакцинд хамруулах ажлыг тасралтгүй шуурхай зохион байгуулахаа мэдэгджээ. Өнөөдрийн байдлаар АНУ-д цар тахлын халдварын 32,8 сая тохиолдол бүртгэгдэж, нас барсан иргэдийн тоо 584,464 болжээ. Түүнчлэн АНУ-д цар тахлын халдвар, нас баралт өндөр байгаагийн хирээр мөн вакцинд хамруулсан үзүүлэлт ч хамгийн өндөр байгаа юм. Өнөөдөр Америк орон 266 сая 500 мянган иргэнээ вакцинд хамруулснаас 118 сая 900 мянга нь хоёр тун вакцинаа хийлгэж, дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байна.