Х.Нямбаатар: Дубайн гэрээг хэрхэхийг хэлэлцээрийн хүрээнд шийднэ 

Засгийн газар

Оюу толгойн далд уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт эхэлсэн. Ингэснээр Оюу толгой төсөл гол баялагтаа хүрч олборлолт эхэллээ гэж ойлгож болох юм. Гэхдээ Рио Тинтотой хийх засгийн газрын хэлэлцээр үргэлжилнэ гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Нямбаатар хэлж байна. Ялангуяа олон харилцааны зангилаа болсон Дубайн гэрээг бүр цуцлах эсвэл өөрчлөлт оруулан үргэлжлүүлэх эсэхээ шийднэ гэдгийг онцолж байна.

Өчигдөр Оюутолгойн ордын гүний уурхайн тэсэлгээ хийгдсэнээр уг төсөл цаашид  дахин гацахгүй, зогсолтгүйгээр үргэлжлэх боломж бүрдсэн гэдгийг засгийн газрын тэргүүн хэлж байсан. Гүний уурхайг бүрэн хэмжээнд ашигласнаар өнөөдөр хүртэж байгаа эдийн засгийн өгөөж хамгийн багадаа 3 дахин нэмэгдэнэ гэж тооцоолсон.

Мөн Монголын талын өр 2.3 тэрбум долларыг тэглэж цаашид өр үүсэхгүй байхаар хэлэлцээр хийсэн гэдгийг ч мэдэгдсэн юм. Тэгвэл далд уурхайн төслийг одоо байгаа гэрээгээр цааш үргэлжлүүлэх үү эсвэл цуцлах уу гэдэг асуудлыг талууд хэлэлцээрийн хүрээнд шийднэ гэж Хууль зүйн сайд хэллээ.

Оюутолгойн олборлолт 2030 онд оргил үедээ хүрч 1.9 сая тонн баяжмал экспортолно гэж тооцоолжээ 

Цаашид гүний уурхайн төсөл амжилттай хэрэгжсэнээр улсад төлж байгаа татвар, худалдан авалт, орлого, ажлын байр баталгаажиж байгааг ажлын хэсгийн ахлагч онцолсон юм.

Оюутолгойн олборлолтын оргил үедээ буюу 2030 он гэхэд 1.9 сая тонн баяжмал экспортлохоор тооцоолжээ. Улсын хөгжил гадны томоохон хөрөнгө оруулалтгүйгээр урагшилдаг жишээ дэлхийд байхгүй тул манай улс гадны хөрөнгө оруулалтыг татахад илүү анхаарах хэрэгтэйг онцоллоо.

Оюутолгой төсөл  төсвийн орлогын 20 хувийг бүрдүүлж байгаа бол бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр төсвийн 50 хувийг бүрдүүлэх хэмжээний том оролцоо бий болно гэдгийг хэлж байна. Гэхдээ манай улс гадны хөрөнгө оруулалтыг өмнөх жишгүүдээр хийхгүйн тулд хууль эрх зүйн орчноо ч шинэчлэх шаардлага бий гэдгийг хэллээ.