Халдварын тархалт 2-р сарын эхээс оргил үедээ хүрэх тул сурагчдын хичээлийг 7 хоног хойшлууллаа 

Засгийн газар

2-р сарын 7-нд ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх ёстой байсан. Гэвч энэ өдрүүдэд коронавируст халдварын тархалтын оргил үе таарч байгаа учраас нийслэлд улирлын амралтыг долоо хоногоор хойшлууллаа. Мөн долоо хоног цахимаар хичээллүүлэхээр болж байна. Харин орон нутагт халдварт өвчний тархалтыг судалж, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан шийдвэр гаргахаар төлөвлөжээ.

Ирэх сарын 7-ны өдөр сурагчдын хичээл эхлэх хувиартай ч засгийн газрын хуралдаанаар эхлэх хугацааг долоо хоног хойшлууллаа. Учир нь энэ сарын сүүл , ирэх сарын эхээр Омикрон хувилбарын давлагаа оргил үедээ хүрэх тооцооллыг эрдэмтдийн багаас хийсэн. Тиймээс сурагчдын хичээлийг 2-р сарын 14-ний өдрөөс танхимын болон цахим сургалт хосолсон хэлбэрээр эхлүүлэхээр болж байна. 

Нийслэлийн сурагчид 2-р сарын 28-ны өдрөөс 100 хувь танхимын сургалтад шилжинэ 

Нийслэлийн сурагчид 5/9 зарчмаар хичээллэх бол орон нутагт эрсдэлийн үнэлгээ хийн халдварын тархалт бага аймаг сумууд танхимаар 100 хувь хичээллэх боломжтой гэж салбарын сайд мэдэгдлээ. Харин сурагчдын хичээлийн хоцрогдол их байгаа тул нийслэлд танхимын сургалтыг аль болох хурдан хугацаанд эхлүүлэхээр  төлөвлөсөн байна. Энэ хүрээнд 2-р сарын 28-ны өдрөөс сурагчид 100 хувь танхимын сургалтад шилжихээр болж байгааг салбарын сайд онцоллоо.

МСҮТ, их дээд сургуулийн оюутнуудын хичээл 2-р  сарын 7-нд эхэлнэ 

Харин МСҮТ, их дээд сургуулийн хичээл ирэх сарын 7-ны өдрөөс эхэлнэ. Гэхдээ халдварын оргил үетэй зэрэгцэж байгаа тул 14 хоногийн хугацаанд цахим сургалт явагдаж 2-р сарын 28-ны өдрөөс танхимын сургалтад шилжүүлэхээр болжээ.