БНХАУ: 2022 онд АНУ-ын агаарын бөмбөлөг Хятад улсын агаарын орон зайд 10 гаруй удаа хууль бусаар нэвтэрсэн

Улс төр

Өнгөрсөн 7 хоногт Хятадын ажиглалтын бөмбөлөг АНУ-ын орон зайд нэвтэрч, олон улсын анхаарлын төвд орсон. АНУ-ын Конгресс дуу нэгтэйгээр Хятадын үйлдлийг буруутгаж, зарим шинжээчид “Бөмбөлөг АНУ-ын хариу үйлдлийг ажиж мэдээлэл цуглуулах зорилготой” гэж ч таамагласан.

Тэгвэл Хятадын тал 2022 оны эхэн үеэс АНУ-ын агаарын бөмбөлөгнүүд Хятадын орон зайд зөвшөөрөлгүй 10 гаран удаа нэвтэрсэн гэж мэдэгдсэн байна.

Даваа гарагт БНХАУ-ын ГХЯ АНУ агаарын орон зайг олон удаа зөрчсөн гэж мэдэгдлээ. АНУ бусад улс орнуудын агаарын орон зайд хууль бусаар нэвтрэх нь тийм ч ховор биш гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. 2022 онд л гэхэд АНУ-ын агаарын бөмбөлгүүд 10 гаран удаа Хятадын агаарын орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж мэдэгдээд Америкийн тал бурууг Хятадад тохохоосоо өмнө өөрсдийн үйлдлээ эргэцүүлж бодох хэрэгтэй гэж нэмж хэлжээ. Бээжин Америкийн үйлдэлд хариуцлагатай, мэргэжлийн хариу арга хэмжээ авсан гэж төлөөлөгч дурдсан юм.

Цагаан ордон харин Хятадын мэдэгдлийг үгүйсгэлээ. Хятадын агаарын орон зайд АНУ-ын ажиглалтын онгоц байхгүй гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби Даваа гарагт мэдэгдсэн байна. Сэтгүүлчидийн асуултанд тэрээр тодруулга хийхээд татгалжээ.

АНУ-ын эх газар дээгүүр хэд хоног хөөрсөн Хятадын агаарын бөмбөлгийг 2-р сарын 4-нд буудаж унагасан юм. Бөмбөлгийг АНУ-ын цэргийн объектуудыг ажиглахад ашиглаж байсан гэж Америкийн талын албаны хүмүүс мэдэгдсэн бол Хятад улс бөмблөг тагнуулын зориулалтынх биш, цаг уурын ажиглалтын зорилготой гэж үгүйсгэж байсан юм. Энэ явдлаас хойш АНУ агаарын орон зайдаа тавиж хяналтаа чангатгаж, Баасан, Бямба, Ням гаргуудад 3 үл таних объектыг Ерөнхийлөгч Байдены зааварчилгааны дагуу буулгасан билээ. 3 объект нь цэргийн аюул заналхийлэл учруулаагүй ч болгоомжлох үүднээс буудан унагасан гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Үл таних объектууд арилжааны нислэгүүдэд саад учруулж болзошгүй бөгөөд АМерикийн ард түмний “ашиг сонирхлын үүднээс” устгасан гэж Жон Kirby мэдэгджээ. Үл мэдэгдэх объектууд харь гарагийнх гэсэн таамаг, цуурхал гарч эхэлснийг Цагаан ордноос үгүйсгэсэн байна.