Жо Байдены гэрт нэгжлэг хийлээ

Улс төр

АНУ Ерөнхийлөгч Жо Байден дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа нууцын зэрэглэлтэй бичиг баримтыг зохисгүй хадгалсан хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд АНУ-ын хууль зүйн яам Жо Байдены Делавар мужид байрлах 2 дахь гэрт нь Лхагва гарагт нэгжлэг хийжээ.

3 цаг гаран үргэлжилсэн нэгжлэгийн үеэр ямар нэгэн нууцын зэрэглэлтэй бичиг баримт Байдены гэрээс олдоогүй, харин зарим материалыг нягталж шалгахаар авж явсан гэж Ерөнхийлөгч Байдены хэвлэлийн төлөөлөгч Иан Самс сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Лхагва гарагийн нэгжлэг өглөө 8 цаг 30 минутаас эхэлж, өдрийн 12 хүртэл үргэлжилсэнг Ерөнхийлөгч Байдены хувийн өмгөөлөгч Боб Бауэр мэдэгдээд, нэгжлэг нь урьдчилан төлөвлөсөн бөгөөд, Ерөнхийлөгчийн бүрэн дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд явагдаж байгааг сэтгүүлчдэд уламжилсан байна. ХМТ-ны лхагва гарагийн нэгжлэг нь Байден нууцын зэрэглэлтэй бичиг баримтуудтай харьцсан хэргийг мөрдөн шалгах ажил өргөжиж байгааг харуулж байна гэж хэвлэл мэдээлэл таамаглаж байгаа юм. Бичиг баримт, материалууд өмнө нь..Жо Байдены Делавар мужийн Вилмингтон дах гэр болон, Барак Обамагийн үед Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан оффисоос нь олджээ. Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө удахгүй зарлах төлөвтэй байгаа Жо Байдены хувьд энэхүү асуудал толгойны өвчин болж байгааг хэвлэл мэдээлэл онцолж байна. Мөн ижил хэрэгт өмнө холбогдож байсан Доналд Трампын эсрэг Демократ намынхан энэ хэргийг сөхөх эрхгүй болсон гэж дурдаж байгаа юм. Трамп өөрийн сонгуулийн кампанит ажлыг эхлүүлсэн бөгөөд, 2024 оны сонгуульд Байдентай өрсөлдөж магадгүй юм.