Афганистаны нийслэл Кабул хотод энэ улсын эмэгтэйчүүд эрхээ хамгаалан жагсчээ

Улс төр

Афганистаны нийслэл Кабул хотод энэ улсын эмэгтэйчүүд эрхээ хамгаалан жагсчээ. Тэд “Бурка-миний хижаб биш” гэж хашгиран, талибаны дэглэм Афган эмэгтэйчүүдийг шариатын хууль журманд захирагдан, олон нийтийн газарт нүүр, биеэ битүү халхалсан хувцас хэрэглэл өмсөхийг шаардаж байгааг эсэргүүцжээ. 

Жагсаалд оролцогч эмэгтэйчүүд гэр орондоо бүгэж, гэртээ шоронд байгаа мэт амьдрахыг хүсэхгүй байгаагаа хэлж, эрх чөлөөтэй амьдралын төлөө нэгдэн тэмцэл өрнүүлсэн байна. Гэвч эмэгтэйчүүдийн жагсаалыг удалгүй хүчээр тараажээ. Афганистаны засгийн эрхэнд гарсан талибаны бүлэглэл өнгөрсөн амралтын өдөр захирамж гарган улсынхаа бүх эмэгтэйчүүдийг олон нийтийн газар бурка буюу нүүр, биеэ бүтэн халхалсан нөмрөг өмсөхийг шаарджээ. Түүнчлэн эмэгтэйчүүд онцын шаардлагагүй бол гадаа гудамжинд гараад хэрэггүй, гэртээ байх нь зүйтэй гэдгийг ч талибаны тэргүүн мэдэгдсэн байна.