Талибаны төлөөлөгчид Ослод зөвлөлдөх уулзалтаа үргэлжлүүлж байна

Улс төр

Норвегийн нийслэл Осло хотноо Афганистаны Талибан бүлэглэлийн албаны төлөөлөгчид болон Барууны улс орнуудын дипломатчид, хүний эрхийн байгууллагынханы хооронд зөвлөлдөх уулзалт хэлэлцээр үргэлжилж байна. 

Ням гарагт ажлаа эхэлсэн уулзалт үргэлжлэн, уулзалтын хоёр дахь өдөр Афганистаны эдийн засгийн өнөөгийн байр байдал, хүмүүнлэгийн нөхцөл байдлын талаар голчлон хэлэлцжээ. 

Афганистаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Амир Хан Муттаки тэргүүтэй Талибаны албаны төлөөлөгчид Осло хотноо Барууны улс орны засгийн газрын албаны хүмүүс болон иргэний нийгмийн төлөөлөгчидтэй уулзаж байгаа юм. Афганистаны засгийн эрхэнд гарсан Талибанчуудын хувьд тэд Европ тивд анх удаа айлчилж байна. Осло хотноо болж байгаа зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Афганистан дахь хүний эрхийн байдал, аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байр байдал, мөн энэ улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн асуудлаар голчлон хэлэлцэж байгаа юм. Талибаны бүлэглэлийн албаны төлөөлөгчдийн Европт хийж байгаа айлчлал, Барууны орнуудтай хийж байгаа зөвлөлдөх уулзалт нь Афганистаны шинэ дэглэмийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх алхмаа нэг шатаар ахиулж байгаа хэрэг гэж харж байна. Одоогоор дэлхийн нэг ч улс орон Талибаны дэглэм, Афганистан дахь шинэ засгийн газрыг хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.